![“ШАТАХ АШИГТ МАЛТМАЛЫН ХИМИ, БОЛОВСРУУЛАЛТ БА ЭКОЛОГИЙН АСУУДЛУУД” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛОВ](https://mmhi.gov.mn/wp-content/uploads/2025/02/6-1-scaled.jpg)
“ШАТАХ АШИГТ МАЛТМАЛЫН ХИМИ, БОЛОВСРУУЛАЛТ БА ЭКОЛОГИЙН АСУУДЛУУД” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛОВ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, Монголын химийн нийгэмлэг хамтран “Шатах ашигт малтмалын хими, боловсруулалт ба экологийн асуудлууд” эрдэм шинжилгээний 12 дахь удаагийн хурлыг 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Жил бүр зохион байгуулагддаг энэхүү хурлын үеэр Монгол Улсын Засгийн Газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 мега төслүүдэд багтах нүүрс-хими, кокс-химийн үйлдвэр, газрын тос боловсруулах үйлдвэр, ган бүтээгдэхүүний үйлдвэрийн цогцолборууд байгуулах явц, тулгамдаж буй асуудлууд, гарц шийдлийн талаар УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамыг төлөөлж Аж үйлдвэрийн бодлогын газрын шинжээч Х.Шүрэнцэцэг, Үйлдвэр, технологийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Н.Шинэжаргал, Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Д.Даваабаяр, Химийн нийгэмлэгийн ерөнхийлөгч академич Б.Авид, Химийн нийгэмлэгийн гишүүн академич Б.Пүрэвсүрэн, “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төлөөллүүд хэрэгжүүлж буй үйлдвэрийн төслийн танилцуулга мэдээлэл өгч, санал сэтгэгдлээ солилцсон нь шатах ашигт малтмалын хими, боловсруулалтын чиглэлээр судалгаа хийдэг судлаачид, үйл ажиллагаа явуулдаг инженерүүдийн анхаарлыг ихэд татсан онцлог үйл явдал болж өрнөлөө.
Хуралд сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн 10 гаруй байгууллагын 60 гаруй эрдэмтэн судлаачид, үйлдвэрлэгчид оролцон шатах ашигт малтмалын түүхий эд, бүтээгдэхүүний судалгаа, хими, боловсруулалтын технологи, экологи, хаягдал боловсруулалтын чиглэлээр 14 илтгэлийг хэлэлцүүлсэн бөгөөд шилдэг бүтээлүүдийг сонгон шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав. Үүнд:
Аман илтгэлээр
I байр – “Тосон-уул XIX ордын нефтийн атмосфер үлдэгдлийн дулааны крекингийн судалгаа” сэдвээр О.Мягмаржав, Б.Мягмаргэрэл, У.Баясгалан, Б.Хонгорзул, М.Анужин, Г.Жавзандулам, Б.Ганцэцэг, Б.Хулан,
II байр – “Аммиакийн синтезийн co/γ-al₂o₃ катализатор дахь кали нэмэлтийн нөлөө” сэдвээр О. Оюу-Эрдэнэ, Б.Жавзандолгор, Б.Энхсаруул,
III байр – “Хөгшиний гол, Төхөмийн нуурын ордын шатдаг занарын судалгаа” сэдвээр Ж.Намхайноров
Ханан илтгэлээр
I байр – “Producing high thermo stability polyethylenes with narrow dispersity by fluoro substituted 2,4-bis(imino)pyridylchromium chloride complexes” Б.Гансүх нар тус тус эзлэв.
Энэ удаагийн хуралд сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудаас гадна үйлдвэрлэлийн салбарын төлөөллүүд оролцсон нь сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа, уялдаа холбоо, түншлэлийг хөгжүүлэхэд зохих хэмжээнд ахиц гарч буйг харуулж байна.
Мөн энэ удаагийн хурлын ерөнхий ивээн тэтгэгч эрдэм шинжилгээ, технологийн туршилт судалгаа, уул уурхайн зөвлөх үйлчилгээ болон худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “АМБ ЛАБ” ХХК-ийн хамт олонд хурал зохион байгуулагчдын зүгээс гүн талархал илэрхийлье.