
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙД Г.ДАМДИННЯМ “ПЕТРОЧАЙНА ДАЧИН ТАМСАГ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн Ерөнхий захирал Жиан Гуан Яанг болон тус компанийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд сайд Г.Дамдинням ноён Жиан Гуан Яангт шинэ албанд нь амжилт хүсч, Монгол Улсын газрын тосны салбарт оруулж буй тус компанийн хувь нэмрийг онцлон тэмдэглэв.

Уулзалтаар талууд харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, 1993 онд байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээг өнөөгийн хууль, тогтоомжид нийцүүлэх эрх зүйн шийдлүүдийг хамтран боловсруулах талаар санал солилцлоо.


Сайд Г.Дамдинням энэ үеэр харилцан ашигтай, хамтын ажиллагааны зарчмын хүрээнд хөрөнгө оруулалтын тогтвортой байдлыг хангаж ажиллахыг чухалчлав.
Талууд цаашид хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцлоо.

