
“МОНГОЛ УЛСЫН ТЕХНОЛОГИЙН ШИЛЖИЛТ БА ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Монгол Улсын технологийн шилжилт ба ирээдүйн чиг хандлага” хэлэлцүүлэгт оролцлоо.

Энэхүү хэлэлцүүлгийг Эдийн засгийн хөгжлийн төв, Монголын Бизнесийн Зөвлөл, “Оюутолгой” ХХК, “Рио Тинто” групп хамтран зохион байгуулсан бөгөөд Монгол Улсын дижитал шилжилтийн боломж, эрсдэлийг нээлттэй хэлэлцэх, инновацын экосистем бүрдүүлэх, уламжлалт салбаруудыг дижитал технологийн дэвшлээр бэхжүүлэх зорилготойгоор өрнөв.

Хэлэлцүүлэгт гадаад, дотоодын 20 гаруй зочид оролцож, Монгол Улсыг дэлхийн дижитал эдийн засагт зохих байр сууриа эзлэх боломж, эдийн засгийн бүтээмжийн шилжилтийг хийх шаардлагын талаар байр сууриа хуваалцлаа.

Сайд Г.Дамдинням энэ үеэр “Монгол Улс газар зүйн хувьд тээвэр, логистикийн хувьд хязгаарлагдмал орны тоонд багтдаг тул эдийн засгийн бүх салбарт бүтээмжийн шилжилт хийх шаардлага тулгарч байна.

Үүний тулд олборлодог уурхайг “оюуны” уурхайтай хослуулан, дижитал шилжилтээр дэлхийн зах зээлд гарах бүрэн боломжтой” гэдгийг онцоллоо.

Мөн уул уурхайн салбарт дижитал шилжилтийг хэрэгжүүлэх нь онцгой ач холбогдолтойг тэмдэглэж, хиймэл оюун, автоматжуулалт, цэвэр технологийн дэвшлийг үр дүнтэй ашиглах нь урт хугацаанд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чухлыг дурдав.
Хэлэлцүүлгийн үеэр төрийн гүйцэтгэх үүрэг, уул уурхайн салбарт дижитал технологи нэвтрүүлэх боломж, ашиг тусын талаар хэлэлцэж, старт-ап компаниуд болон хөрөнгө оруулалтын сангуудтай хамтран эдийн засгийн өсөлтийг хурдасгах шийдлүүдийг эрэлхийлэв.
Хэлэлцүүлэгт, Moonshot Platform, Start-up Genome, T-Hub Hyderabad, Plug and Play, Founders Factory зэрэг олон улсын старт-ап болон хөрөнгө оруулалтын сангийн төлөөлөл оролцлоо.