
“MiningWeek & MinePro 2025” олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулганы хүрээнд Бүгд Найрамдах Солонгос Улсын Гео-шинжлэх ухаан, ашигт малтмалын нөөцийн хүрээлэн (KIGAM), Уул уурхайн нөөцийн корпораци (KOMIR)-ийн павильоны нээлтийн арга хэмжээ боллоо.
Нээлтийн ажиллагаанд БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон хэлсэн үгэндээ “2022 оноос эхлэн зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээ нь уул уурхайн салбарын оролцогчдыг холбох чухал индэр болж байгааг, БНСУ энэ удаагийн арга хэмжээнд албан ёсны түнш орноор оролцож буйг онцлон тэмдэглэв.

Тэрбээр Монголын уул уурхайн салбарын чухлыг дурдаж, Солонгосын дэвшилтэт техник, технологитой хослуулснаар бодит үр дүнд хүрсэн хамтын ажиллагаа өрнөж, хоёр улсын түншлэл улам бэхжих боломжтойг онцоллоо.
Мөн БНСУ-ын уул уурхайн технологи, туршлагыг танилцуулж, харилцан туршлага солилцох өргөн боломжийг бүрдүүлж байгаагийн зэрэгцээ хоёр орны хамтын ажиллагаа, шинэ түншлэлийг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал болж байгааг дурдав.
Энэ үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Өнөөдөр бид бүхэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын хамтран хэрэгжүүлж байгаа Ховор металлын судалгааны төв байгуулах ажлын нэг бүрэлдэхүүн хэсэг болох хөрөнгө оруулалт шаардлагатай төслүүд болон хөрөнгө оруулагч нарын бизнес уулзалтыг эхлүүлэхээр энд цуглаад байна.

Нэгдсэн Үндэсний байгууллагын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы үеэр хоёр орны төрийн тэргүүн нар энэхүү хамтарсан судалгааны төв байгуулах асуудлыг хөндөн ярилцаж, улмаар Засгийн газрын түвшинд шуурхай хэрэгжүүлэн, төрийн аливаа шийдвэр залгамж халаагаа алдалгүй үргэлжилсээр ирсэн явдалд Та бүхний оролцоо, хүчин чармайлт өндөр байсныг илтгэж байна.
Энэхүү арга хэмжээ нь Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс хооронд дипломат харилцаа тогтоож, сайн хөршийн найрамдалт харилцаанаас стратегийн түншлэл хүртлээ хөгжиж ирсэн 35 жилийн ойтой давхцаж байгаад салбарын сайдын зүгээс талархан хүлээн авч байна.

Солонгос Улсаас гянтболд, литий, никель, алт, мөнгө, бал чулуу, цагаан тугалга, зэсийн төрлөөр үйл ажиллагаа явуулдаг, тухайн чиглэлээрээ манай улстай хамтран ажиллах, хөрөнгө оруулалт хийх сонирхолтой аж ахуйн нэгжүүд ирсэн талаар бидэнд мэдээлсэн билээ. Бид бүхний зохион байгуулж байгаа Уул уурхайн 7 хоног арга хэмжээнд ашигт малтмалын ашиглалт,хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллага, түүний удирдлагууд оролцож хөрөнгө оруулалт шаардлагатай төслүүдээ танилцуулж байгааг дуулгахад таатай байна.
Иймд та бүхэн оролцогч талуудтай зангиагүйуулзалт хийж, халуун дотно яриа өрнүүлэн ирээдүйн хамтын ажиллагааныхаа эхлэл суурийг тавихыг хүсэн ерөөе.

Мөн “Геологийн судалгаа-шинжилгээний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрыг түшиглэн байгуулж буй хоёр орны хамтарсан Ховор металлын судалгааны төв энэ оны 11 дүгээр сард нээлтээ хийснээр хамтран ажиллах төсөл, хөтөлбөрөө хэлэлцэх боломж Та бүхэнд бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна.
Ингээд Уул уурхайн 7 хоног арга хэмжээг зорин ирсэн нийт зочид, төлөөлөгчид, салбарынхаа хамт олонд дахин талархал илэрхийлж, бизнес уулзалт нээснийг мэдэгдье” гэлээ.