
БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ АЗИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ПЕРИСИАМИ КУМАРАНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНЭУ-ын Гадаад харилцааны яамны Азийн асуудал хариуцсан Нарийн бичгийн дарга Перисиами Кумаран, БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Гоцурвэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд сайд Г.Дамдинням хоёр улсын хамтын ажиллагааны чухал бэлгэ тэмдэг болсон газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөлд идэвхтэй хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлээд үйлдвэрийн бүтээн байгуулалтыг хугацаанд нь дуусгаж ашиглалтад оруулахын чухлыг тэмдэглэв. Мөн ерөнхий гүйцэтгэгч Mega Engineering and Infrastructure Limited компанийг байгуулсан гэрээ хэлэлцээр, төлөвлөлтийн дагуу бүтээн байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгэхэд Энэтхэгийн талаас онцгойлон анхаарахыг хүслээ.

БНЭУ-ын Гадаад харилцааны яамны Азийн асуудал хариуцсан Нарийн бичгийн дарга Перисиами Кумаран газрын тосны үйлдвэрийг хугацаанд нь ашиглалтад оруулахад анхаарал тавьж ажиллахаа илэрхийлээд, үйлдвэрт шаардлагатай тоног төхөөрөмжүүд үйлдвэрлэгдэж бэлэн болсон бөгөөд санхүүжилтийг түргэвчлүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Түүнчлэн талууд газрын тосны үйлдвэрт шаардлагатай түүхий тосны хангамжийн асуудал болон уул уурхайн салбарын хамтын ажиллагааг бусад чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар харилцан санал солилцов.
