ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНД АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ НЭГДЛЭЭ

Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-аас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Уг аяны гол зорилго нь хөвгүүд, эрэгтэйчүүдийн идэвхтэй оролцоог нэмэгдүүлж, “хэзээ ч хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй” гэсэн зарчмыг баримталдаг. Энэхүү аяныг Монгол Улсад анх 1997 оноос төрийн бус байгууллагуудын санаачилгаар зохион байгуулж эхэлсэн бөгөөд Жендэрийн үндэсний хороо 2017 оноос эхлэн хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагуудыг идэвхтэй уриалан хамтран тэмдэглэн өнгөрүүлсээр ирсэн. Энэ жил Бээжингийн тунхаглалын 30 жилийн ой, мөн Монгол Улсад жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн тогтолцоо бүрдэж хөгжсөний 30 жилийн ойн хүрээнд “UNiTE” аян нь эмэгтэйчүүд, охидын эсрэг цахим хүчирхийлэлд онцгойлон анхаарал хандуулж байгаагаараа онцлог юм.
“UNiTE” аяны зүй ёсоор онцолсноор өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй технологийн хэрэглээ нь Жендэрт суурилсан хчирхийллийн шинэ хэлбэрүүдийг бий болгож, цахим орон зайг эмэгтэйчүүд, охидын эсрэг зэвсэг болгон хувиргаж байна. Энэ жил “ТЕХНОЛОГИ АШИГЛАН ҮЙЛДЭГДЭЖ БУЙ ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ (ТАҮЖСХ) ТЭМЦЭХЭД НЭГДЬЕ” уриан дор өсвөр үеийнхэн, залуучуудын цахим орчин дахь аюулгүй байдлыг хангах, технологийг ёс зүйтэй, аюулгүй ашиглахыг дэмжих, мөн ТАҮЖСХ-ийг таслан зогсоох хууль эрх зүйн зохицуулалтыг бэхжүүлэхэд чиглэн ажиллаж байна.
Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэвээр ахлуулсан Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон тус яамны Жендэрийн салбар зөвлөл тус аянд нэгдэж, хүчирхийллийг таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэх санаачилгыг дэмжин ажиллах бөгөөд өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан холбогдох үйл ажиллагааг санаачлан зохион байгуулж, дэмжин ажиллахыг салбарын агентлагууд, ААН-үүдэд уриалж байна.