“ИНТЕГРА” ТӨСЛИЙН ДУНД ХУГАЦААНЫ ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЖ, САЛБАРЫН ШУДАРГА БАЙДЛЫН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭВ

Өнөөдөр “Интегра – Эрдэс баялгийн салбарт шударга байдлыг бэхжүүлэх нь” төслийн дунд хугацааны тайлангийн үр дүнг танилцуулах сургалт- уулзалт Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд боллоо. Энэ үеэр уул уурхай, аж үйлдвэрийн салбарын шийдвэр гаргалтад мэргэжлийн ёс зүй, ил тод байдал, жендэрийн эрх тэгш байдал, байгаль орчин, нийгэм-хүний эрхийн хамгааллыг хэрхэн бодитой, системтэйгээр тусгах асуудлыг хэлэлцэв.
Монгол Улсын эдийн засгийн тулгуур багана болсон аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүд нь эдийн засгийн үр ашгаас гадна ёс зүйтэй, хариуцлагатай, хүний эрхийг дээдэлсэн, олон нийтийн итгэлд суурилсан байх шаардлага улам бүр нэмэгдэх болжээ. Иймд мэргэжлийн зөвлөлүүдийн үүрэг, хариуцлага, шийдвэр гаргах үйл явцын чанар, ил тод байдал чухал ач холбогдолтой болохыг энэ үеэр тодотголоо.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Люксембург, Дани болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Интегра” санаачилга, “Оролцоо” төслүүд нь олборлох салбарт шударга байдал, ёс зүйг бэхжүүлэх, нийтийн баялгийг тэгш хүртээмжтэй, ил тод захирах, зарцуулахад чиглэсэн бодит шийдэл, арга хэрэгслийг туршин хэрэгжүүлж буйгаараа онцлог юм.

Түүнчлэн сургалт- уулзалтын хүрээнд “Мэргэжлийн зөвлөлийн гишүүдийн сонгон шалгаруулалт, шийдвэр гаргах үйл явцыг ил тод болгох туршилтын төсөл”-ийн хэрэгжилтийн явц, ололт амжилт, сургамж, тулгамдсан асуудлыг нээлттэй хэлэлцcэн юм. Энэ хүрээнд мэргэжлийн ёс зүй, уул уурхай дахь жендэрийн эрх тэгш байдал, салбарын мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагааг зохицуулж буй эрх зүйн орчны үнэлгээ, түүнчлэн байгаль орчин, нийгэм-хүний эрхийн хамгааллыг шийдвэр гаргалтад тусгах олон улсын шаардлага, ач холбогдлын талаар санал солилцов. Оролцогчид энэхүү уулзалт, хэлэлцүүлэг нь цаашдын бодлого, дүрэм журам, практикт бодитой өөрчлөлт хийхэд чухал суурь болно гэдэгт санал нэгдэв.


