АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТӨӨР ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ХАЙГУУЛ, ОЛБОРЛОЛТЫГ ДЭМЖИЖ БАЙГАА ОРОН НУТАГТ ИЛҮҮ БОЛОМЖ ОЛГОНО

Эдийн засгийг нуруундаа үүрч буй уул уурхайн салбарын төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд нэгэн дор цуглаж “гацаа”-нд орсон салбарынхаа зовлон, бэрхшээлээ хуваалцлаа. Өнөөдөр Holiday Inn зочид буудалд зохион байгуулсан Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаарх олон нийтийн урьдчилсан хэлэлцүүлгээр тэд ийнхүү өөрсдийн үзэл бодол, цаашдын гарц шийдлийн талаар ярилцаж санал дэвшүүлж байр сууриа илэрхийлсэн юм.
Энэ үеэр салбарын сайд Г.Дамдинням хуулийн төсөлтэй холбогдуулан “Ухаад гаргадаг биш боловсруулаад явдаг концефц тусаж байгаа. Боловсруулах тусам чамд ашигтай. Харин одоо мөрдөж буй хууль эрхзүйн орчин бол боловсруулах тусам чамд ашиггүй. Ух-ач-гарга. Ийм л хууль байгаа. Үүнийг болиулна. Улсын хэмжээнд зогссон 47 үйлдвэрийг ашиглалтад оруулж, тоог нь хоёр дахин өсгөнө. Үүнийг АМНАТ-ийн бодлогоор дэмжинэ. Хоёрт, уул уурхайн хариуцлагатай /тодотголтой/ үйлдвэрлэл, хайгуул, олборлолтыг дэмжиж байгаа орон нутаг илүү түлхүү боломжийг авна. Болдог юм байна, зөвийг харуулж чадаж байгаа бол явна. Хулгай хийгээд, зугтааж хүний сэтгэлээр хандаж байгаа төслүүдийг зогсооно” хэмээв.

Мөн ярианы эхэнд “Би салбарын сайдын ажлыг авснаас хойш асуудлаас тойрч зугтъя гэх бодол байхгүй. Олон жил яригдсан үе үеийн Засгийн газар, сайд нарын оролдоод хийхгүй байсан асуудлыг бид явуулж байгаагаа хэлье. Яагаад гэвэл, бид энэ салбараараа улсын эдийн засгийг үүрч яваа хүмүүс” гэсэн юм.
Үргэлжлүүлэн сайд Г.Дамдинням яриандаа “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн урьдчилсан хэлэлцүүлэг явж байгаа учраас эцэслэгдсэн юм шиг битгий их нэгэн лүүгээ дайраарай. Мөн та бүгдийг зориулж нэг дор цуглуулж ярилцаж байгаа юм. Ийм хэлэлцүүлэг олон болно, бүх оролцогч талыг сонсоно” хэмээсэн юм. Мөн “Галтай сэдэв гээд зугтааж болохгүй. Салбар маань хэтэрхий хойш хоцрогдоод байна” гэж тодотголоо.
Хэлэлцүүлэгт оролцогчдод хандаж “Нэг зүйлийг та бүгдээсээ хүсье. Бие биеийнхээ духан дээр янз бүрийн хаяг тавьж битгий талцаарай. Тэгвэл бидний аль аль нь үр дүнд хүрэхгүй шүү. Бүгдийнх нь санаа бодлыг сонсож, бүгдийнх нь хүлээн зөвшөөрөгдсөн хувилбараар авч явахыг хичээж байгаа. Хатуу үг сонсогдож л байна. Хэлэх ёстой нь зөв. Хэдүүлээ тайван уужуу хэлэх үгээ хэлэх ёстой” гэлээ. Уул уурхайн салбарын талаарх өнөөгийн нийгэмд тогтсон “ташаа” ойлголтын талаар сайд Г.Дамдинням яриандаа “Үндсэн зарчмын хэдэн ойлголт байгаагийн дотор төрийн бус байгууллага, иргэдийн дунд дийлэнх нь буруу ойлголттой, эсэргүүцэл бий. Монгол Улс уул уурхай, үйлдвэрлэлээс үл хамаарах эдийн засагтай болж чадаагүй байгааг зөвшөөрч байна.Энэ цэгээс бидний өөрчлөлт эхэлнэ. Орос, Хятадад ч ийм байна. Австрали, Канадад ч ийм байна. Германд ч ийм байна…Тийм. Гэхдээ тэдгээр улс ямар эдийн засгийн бүтэцтэй байгааг та бүгд харах хэрэгтэй. Манай эдийн засгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 36-38 хувийг манай салбар үйлдвэрлэж байна. Улсад орж ирж буй 100 ам.доллар тутмын 95-ыг нь бид үйлдвэрлэж байна.
Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 76 хувийг бас л бид үйлдвэрлэж байна. Дээр нь бид хамгийн их зэмлүүлж, хамгийн их ачааг мэрж, хамгийн их асуудалтай байгаа юм шиг харагддаг” гэсэн юм. Ингэхдээ уул уурхайн салбарын өнөөгийн дүр зургийг тэрбээр айлын том хүүхэдтэй зүйрлэж “Манай салбар айлын том хүүхэд шиг л байгаа шүү дээ. Бүх мөнгийг олж ирнэ. Бүх хүнд хөдөлмөрийг хийнэ. Дээр нь нэхэл дагуул нь дуусахгүй, бүх дүү нартаа загнуулна, авгайдаа загнуулна, хадмууддаа загнуулна Загнаж болно ОК. Гэхдээ энэ улсын эдийн засаг чинь уул уурхайгүй бол явахгүй байхгүй юу даа” гэлээ.
Уул уурхайн салбар нь
-дотоодын нийт бүтээгдэхүүний 26 хувь,
-аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 79 хувийг бүрдүүлж байна.
Түүнчлэн манай салбар нь,
– экспортын нийт орлогын 95.4 хувь,
– гадаадын шууд хөрөнгө оруулалтын 74 хувь,
-нэгдсэн төсвийн орлогын 28.4 хувийг тус тус бүрдүүлж байгаа.


