УУЛ УУРХАЙН САЛБАРЫГ ТӨРӨЛЖҮҮЛСНЭЭР МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ СОЛОНГОРНО

Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Trade finance forum-2026′ арга хэмжээнд оролцох үеэр Монгол Улсын байгалийн нөөц, экспортын боломж сэдвийн дор илтгэл танилцууллаа. Тэрбээр эрдэс баялгийн салбарын өнөөгийн нөхцөл байдал болон хэрэгжүүлж буй бодлогоо танилцууллаа.
Монголын эдийн засаг уул уурхай, тэр дундаа нүүрсний экспортын орлогоос шууд хамааралтай энэ тогтолцоог өөрчилсөн цагт эдийн засагт шинэ өсөлт гарахыг салбарын сайд яриандаа дурдлаа. Үүний эхлэл нь зэс болох бөгөөд 2025 он уул уурхайн салбарт рекорд эвдсэн жил болсон нь төсөвт төвлөрүүлсэн орлогын хэмжээгээр анх удаа зэсийн экспорт нүүрснээс давжээ. Тиймээс зэсийн хөдөлгүүрийг асаасан цагт Монголын эдийн засаг тогтворжих эхлэл болох нь. Цаашид “Уул уурхайн салбарыг төрөлжүүлснээр манай улсын эдийн засаг солонгорох нөхцөл бүрдэнэ” гэдгийг сайд Г.Дамдинням онцолж байлаа.
Өнөөдрийн байдлаар манай улс Оюутолгой, Эрдэнэтээс өөр зэс том төсөлгүй бөгөөд цаашид дараагийн Оюутолгой болох Хармагтай, Цагаансуварга зэрэг ордуудаа гацаанаас гаргах хөшүүрэг нь Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл болох аж. Энэхүү хуулийн амин сүнс нь байгалийн баялгийн хуваарилалтыг зөв, оновчтой болгоход чиглэж байгааг мөн дурдаж байлаа. Хуулийн төслийг ирэх Лхагва гарагт Засгийн газарт хэлэлцүүлж, УИХ-д өргөн барихаар зэхэж байна.












