МОНГОЛ, ХЯТАДЫН УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНХАУ-ын Байгалийн нөөцийн яамны дэд сайд Сүн Шүсяньтай БНХАУ-д зохион байгуулагдсан “CHINA MINING-2026” арга хэмжээний үеэр уулзаж, хоёр улсын уул уурхай, геологийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр Монгол Улс, БНХАУ-ын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд уул уурхайн салбарын экспорт, хөрөнгө оруулалт, геологийн судалгаа, хүний нөөц, хариуцлагатай уул уурхайн чиглэлээр хамтран ажиллах асуудлыг хэлэлцэв.

ГЕОЛОГИ, ГЕОХИМИЙН ХАМТАРСАН СУДАЛГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
Монгол Улсын Үндэсний геологийн алба болон БНХАУ-ын Геологийн алба хооронд байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд Монголын өмнөд хилийн бүсийн 1:200 000-ны масштабын геологи, геохимийн иж бүрэн зураглалын хамтарсан судалгааг эхлүүлээд байна.
Тухайлбал, Сайншандын талбайд 2,180 км² талбайд бүс нутгийн геохимийн судалгаа, дээжлэлтийн ажлыг гүйцэтгэж, геологийн тогтоц, давхаргазүй, хагарал-структур болон магматизмын талаарх мэдээллийг цуглуулж байна.
Цаашид хамтарсан судалгааны үр дүнг нэгтгэж, лаборатори болон боловсруулалтын ажлыг үргэлжлүүлэхийн зэрэгцээ 2027 онд хэрэгжүүлэх хээрийн судалгааны төлөвлөгөө, арга зүй, ажлын цар хүрээг харилцан тохирохоор төлөвлөж байна.
ХҮНИЙ НӨӨЦ, МЭРГЭЖИЛТНИЙ ЧАДАВХЫГ НЭМЭГДҮҮЛНЭ
БНХАУ-ын Ухань их сургуультай геологи болон холбогдох чиглэлээр хүний нөөц бэлтгэх, мэргэжилтний чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор “2+2” бакалаврын хөтөлбөр хэрэгжүүлэхээр талууд хамтран ажиллаж байна.
Мөн геологийн мэдээллийн сан, үндэсний геологийн харьцуулсан судалгаа, геохимийн зураглал, мэргэжилтэн солилцоо болон хамтарсан судалгааны төв байгуулах чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр санал солилцов.
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙГ ДЭМЖИНЭ
Уулзалтын үеэр Монгол Улсад уул уурхайн хөрөнгө оруулалт хийх сонирхолтой БНХАУ-ын хариуцлагатай аж ахуйн нэгжүүдийн оролцоог дэмжих, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов.
Монголын тал шинэчилж буй Ашигт малтмалын тухай хуульд хөрөнгө оруулагчдад ээлтэй орчин бүрдүүлэх, хайгуулын тусгай зөвшөөрлийг нээх, олон улсын хөрөнгө оруулагчдыг хамгаалах чиглэлээр тусгасан өөрчлөлтүүдийн талаар мэдээлэл өгч, БНХАУ-ын аж ахуйн нэгжүүдэд хүргэхийг хүсэв.
Мөн хариуцлагатай уул уурхай, ногоон шилжилт, байгаль орчны хамгааллын чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлыг хэлэлцэж, “Ногоон уул уурхай”-н хамтын ажиллагааны санамж бичгийг хоёр улсын хууль, эрх зүйн орчинд нийцүүлэн эцэслэхээр ажиллахаар болов.
УУЛ УУРХАЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ МЕХАНИЗМЫГ БЭХЖҮҮЛНЭ
БНХАУ-ын Байгалийн нөөцийн яамны зүгээс хоёр яам хоорондын уул уурхайн хамтын ажиллагааны механизмыг ахиулж, бодлогын уялдааг бэхжүүлэх, геологийн судалгаа, геохимийн зураглал болон мэдээлэл солилцооны хамтын ажиллагааг өргөжүүлэх санал гаргав.
Мөн хоёр улсын уул уурхайн төслүүдийн хүрээнд хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хариуцлагатай аж ахуйн нэгжүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр цаашид хамтран ажиллахаар санал нэгдэв.
Уулзалтын үеэр БНХАУ-ын Байгалийн нөөцийн яамны төлөөлөгчдийг 2026 оны 9 дүгээр сарын 16–18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Уул уурхайн 7 хоног” арга хэмжээнд оролцохыг урьсан бөгөөд урилгыг хүлээн авснаа БНХАУ-ын тал илэрхийллээ.
Ийнхүү Монгол Улс, БНХАУ-ын уул уурхайн салбарын хамтын ажиллагааг геологи, геохими, хүний нөөц, хөрөнгө оруулалт, хариуцлагатай уул уурхай, технологи гэсэн үндсэн чиглэлээр өргөжүүлж, бодит үр дүнд чиглүүлэхээр ажиллаж байна.


