Уул уурхайн сайд Р.Жигжид тамгаа гардан авлаа
Шийдлийн Засгийн газар 15 яам, 19 сайдтай байхаар бүтэц бүрэлдэхүүнээ баталсан. Энэ хүрээнд Монгол Улсын Тэргүүн шадар сайд У.Хүрэлсүх Уул уурхайн сайдаар томилогдсон Р.Жигжидэд Уул уурхайн сайдын тамгыг гардуулан өглөө. Тэргүүн шадар сайд У.Хүрэлсүх тамга гардуулах арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ “Эдийн засгийн энэхүү хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулахын тулд парламентад суудалтай намууд нэгдэж Шийдлийн Засгийн газрыг байгууллаа. Монгол Улсын Ерөнхий сайдын хэлснээр “Эдийн засаг, Эдийн засаг, Эдийн засаг” гэсэн үгийг энд онцолмоор байна. Бид хамтын хүчээр эдийн засгийн энэхүү нөхцөл байдлыг даван туулж чадна гэдэгт итгэлтэй байна.
Уул уурхайн сайд Р.Жигжидын хувьд төрд олон жил ажилласан туршлагатай хүн. Энэхүү яамыг цаашид улам сайн удирдан авч явна гэдэгт эргэлзэхгүй байна. Таны цаашдын ажилд амжилт хүсье” гэлээ. Энэхүү арга хэмжээний үеэр УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг шинээр томилогдсон Уул уурхайн сайдад ажлаа хүлээлгэн өгсөн юм. Тэрээр энэ үеэр хэлсэн үгэндээ “Шинэчлэлийн Засгийн газар өнгөрсөн 2 жилийн хугацаанд энэ салбарын хууль эрх зүйн орчинг урт хугацаанд тогтвортой болгож чадсан. Одоо зөвхөн хийх ажлууд л үлдсэн. Шинээр томилогдсон сайддаа ажлын амжилт хүсээд энэ салбарт гаргах таны амжилт улам өөдөө батжин бэхжих болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Уул уурхайн сайд Р.Жигжидийн тухайд шинэчлэлийн Засгийн газрын үед Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж байсан. Тийм ч учраас өнгөрсөн 2 жилийн хугацаанд шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн ажлуудаа улам чанаржуулан, үргэлжлүүлэн хийх болно гэдгээ илэрхийлсэн юм. Мөн тэрээр “Уул уурхайн салбар өнгөрсөн хугацаанд Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогоо баталж хууль эрх зүйн орчноо богино хугацаанд тогтвортой болгох томоохон ажлыг хийсэн. Шинэчлэлийн Засгийн газрын үед Уул уурхайн сайд мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагатай нягт хамтран ажиллаж байсан. Энэ ажлаа ч үргэлжлүүлэх болно. Яамны хамт олон, салбарынхандаа ажлын амжилт хүсье” гэлээ.