Дорноговийн “Эргэл XII” талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгууллаа
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал,газрын тосны газар болон ᠋”Smart Oil Investment Ltd᠌᠋” компанийн хооронд газрын тосны хайгуулын “Эргэл XII”талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах ёслолын ажиллагаа 2016 оны есдүгээр сарийн 9-ний өдөр Улаанбаатар хотноо боллоо.
Гэрээ байгуулах ёслолд Дорноговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, УУХҮ-ийн дэд сайд Х.Бадамсүрэн, Түлшний бодлогын газрын дарга Чулуунбат, БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Шин Хаймин, АМГТГ-ын дарга Б.Баатарцогт, “Smart Oil Investment Ltd” компанийн ерөнхийлөгч Жоу Жин Мин тэргүүтэй хоёр талын төлөөлөгчид оролцлоо.
Газрын тосны хайгуулын “Эргэл XII” талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээнийгэрээлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг 2014 онд олон улсад нээлттэй зарласан бөгөөд уг сонгон шалгаруулалтад БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Smart Oil Investment Ltd” компани шалгарчээ.
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны наймдугаар сарын 24-ний өдрийн 53 дугаар тогтоолоор газрын тосны хайгуулын “Эргэл XII” талбайд Ашигт малтмал, газрын тосны газар болон “Smart Oil Investment Ltd” компанийн хооронд бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулах эрхийг Ашигт малтмал, газрын тосны газарт олгосны дагуу энэхүү гэрээг байгуулж байна.
Тус компани Дорноговь аймгийн Хатанбулаг, Хөвсгөл, Мандах сумдыг хамарсан нийт 11630 км.кв хэмжээтэй “Эргэл XII” талбайд хайгуулын найман жилийн хугацаанд геологи, хүндийн хүч болон соронзон хайгуул, 1000тууш км хоёр хэмжээст, 100кв.км талбайд гурван хэмжээст чичирхийллийн судалгаа хийж, хайгуул, судалгааны найман цооног өрөмдөж, хайгуулын ажилд 35.5 сая ам.доллар зарцуулах юм.
Байгаль орчныг хамгаалах, нөхөнсэргээх ажлын төлөвлөгөөг жил бүрээр дэлгэрэнгүй боловсруулсан “Smart oil investment ltd” компани нь байгаль орчны суурь судалгаа, үнэлгээ, хяналт шинжилгээний ажлуудыг Монгол УлсынБайгаль орчны тухайбагц хуулиудын хүрээнд холбогдох бусад хууль тогтоомж, стандартын дагуу хийж гүйцэтгэх бөгөөд нийт нэг сая ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ.Мөн жилийн олборлолтын хэмжээ хоёр сая баррель хүрэх нөхцөлд
· Орон нутагт хүүхдийн цэцэрлэг барих,
· АМГТГ-т чичирхийллийн боловсруулалт, тайлал хийх багаж тоног төхөөрөмжөөр туслах,
· Газрын тосны зургаан мэргэжилтнийг газрын тосны хайгуул, олборлолтын чиглэлээр сургалтад хамруулахаар санал өгсөн байна. Ялангуяа орон нутагт цэцэрлэг барих саналыг өмнө нь ямар ч гэрээлэгч компани өгч байгаагүйгээр онцлог юм.
Сүүлийн жилүүүдэд төрөөс ашигт малтмал, газрын тосны салбарын эрх зүйн орчныг сайжруулах, газрын тостой холбогдсон үйл ажиллагаанд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хайгуулын ажлыг эрчимжүүлэх, улмаар газрын тосны нөөц болон олборлолтыг нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа билээ. Өнгөрсөн хугацаанд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаанд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 2,9 тэрбум ам.долларт хүрч, гурван талбайд үйлдвэрлэлийн олборлолт хийгдэж байна. 2012 онд “Галба 11” талбайд , 2015 онд “Хөхнуур 18” талбайд тос илрүүлж, туршилтын олборлолт хийгээд байна.