Монголын уул уурхай: Өчигдөр, өнөөдөр, маргааш
Уул уурхайг шинэ хандлагаар харъя
Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд бүх аймгийг хамруулсан дөрвөн чуулган зохион байгуулахаар төлөвлөсний эхнийх нь Орхон аймгийн төв Эрдэнэт хотод болж өндөрлөлөө. Төлөөлөгчид салбарынхаа өчигдөрийг дүгнэж, өнөөдрийг ярилцаж, маргаашийг төлөвлөхөөр цугласан аж.
Төвийн бүсийн чуулга уулзалтыг Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Эрдэнэт үйлдвэр ХХК хамтран зохион байгуулж, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Төв, Архангай, Өвөрхангай аймгуудын удирдлага, төлөөлөгчид, уурхайчид, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн болон аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл, БОАЖЯ, ЭХЯ, ЗТХЯ, ТЕГ, МХЕГ-ын холбогдох албаны хүмүүс оролцов.
Чуулганд оролцогчдод Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэндчилгээ илгээж, амжилт хүссэнийг нээлтийн эхэнд сонордуулав. Ерөнхий сайд “Монгол улсын уул уурхайн салбар бол манай орны эдийн засгийн тулгуур хүч, бид түүхий эдээ экспортлогч орноос үйлдвэрлэгч орон болж хөгжих нь нэн тэргүүний зорилт” гэдгийг онцлон тэмдэглэжээ. Дараа нь чуулганыг зохион байгуулагч УУХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар баяр хүргэж, чуулганы үйл ажиллагаанд амжилт хүслээ.
УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал:
Манай салбарын хамт олон түүхт ойгоо амжилт, бүтээлээр дүүрэн угтаж байна. Улс орны эдийн засагт уул уурхайн салбар чухал үүрэг гүйцэтгэж, экспортын 86 хувь, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 71 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 18 хувь, улсын нэгдсэн төсвийн орлогын дөрөвний нэгийг тус салбар дангаараа бүрдүүлж байна.
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн:
Бид салбарынхаа 95 жилийн ойн хүрээнд зохион байгуулах дөрвөн чуулганаараа уул уурхайн салбарынхаа талаар ард иргэдээсээ эхлээд төр засагтаа хүртэл үнэн зөв, тэгш мэдээлэлтэй болгож, салбараа шинэ хандлагаар харуулахыг чухалчилж байгаа юм. Энэ утгаараа салбарынхаа өнөөгийн байдал, цаашдын төлвийн талаар цэгцтэй, нэг мөр ойлголттой болгоход чиглэх учиртай.
УИХ-ын гишүүн А.Ундраа:
Монголын уул уурхайн салбар хөгжиж байна. Налайхад хүрзээр эхэлсэн энэ салбар өнөөдөр Эрдэнэт, Оюутолгой зэрэг дэлхийн хэмжээний компаниудыг бий болгож, гүний уурхайн алсын зайны роботик, cave mining technology ашиглаж байна. Түүхгүйгээр ирээдүй гэж байхгүй. Түүхээрээ бахархах нэг хэрэг боловч ирээдүйг бүтээх нь өөр хэрэг юм. Одоо уул уурхайн салбарт шинэ үе, шинэ хандлага хэрэгтэй байна. Товчхондоо бол хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэх хэрэгтэй. Ийм зорилгоор бидний хэсэг хууль тогтоогчид “Хариуцлагатай уул уурхайг дэмжих лобби бүлэг” байгуулсан.
УУХҮЯ-ны газрын дарга Ж.Ганбаатар:
Манай яам геологийн судалгаа, хайгуулын ажлын хэмжээг нэмэх замаар эрдэс, баялагийн нөөцийг өсгөх, уул уурхай, газрын тосны олборлолтыг нэмэгдүүлэх, томоохон төслүүдийг ашиглалтад оруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого баримтлан ажиллаж байна. 2017 оны I улирлын байдлаар салбарын хэмжээнд 11.7 сая тн нүүрс, 322.3 мян.тн зэсийн баяжмал, 1.4 мян.тн молибдений баяжмал, 2.0 тн алт, 39.6 мян.тн хайлуур жонш үйлдвэрлэж, өнгөрсөн оныхоос алт 13.6 хувь, молибдений баяжмал 23.5 хувь, жоншны баяжмал 30.4 хувь, нүүрс 2.2 дахин, төмрийн хүдэр 4 дахин өсч, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ 2 их наяд төгрөгт хүрсэн үзүүлэлттэй байна.
Нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн А.Ундраа “Хариуцлагатай уул уурхай: Шинэ үе-Шинэ хандлага”, УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын дарга Ж.Ганбаатар “Уул уурхайн салбарын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага, тулгамдаж буй асуудал” сэдвээр илтгэл тавьж, дээрх сэдвүүдээр асуулт, хариулт өрнүүллээ. Чуулганы эхний нэгдсэн хуралдааныг Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөлийн ерөнхийлөгч Д.Цогбаатар удирдав.
Уул уурхайн салбарын эрхзүйн орчин
Төвийн бүсийн чуулганы нэг салбар хуралдаан “Уул уурхайн салбарын эрхзүйн орчин” сэдвээр өрнөв.
Хөрөнгө оруулалт татах чадварыг үнэлдэг “Фрейзер” индексээр Монгол Улс 2016 онд 120 орчим орноос 31 дүгээрт жагсжээ. Манай улсыг хойш чангаадаг гол үзүүлэлтүүдийн эхэнд хууль, эрхзүйн орчны тогтворгүй байдал ордог байна.
Уул уурхайн салбарын харилцааг бүхэлд нь 30-аад хууль зохицуулж байгаагаас гол баримт бичиг нь Ашигт малтмалын тухай хууль. Гэвч тус хууль тусгай зөвшөөрөлтэй холбогдох харилцааг зохицуулахад хэт төвлөрөөд түүнийг даган үүсэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, олборлолт, баяжуулалт, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, уурхайн удирдлага зохион байгуулалт, нөхөн сэргээлт, хаалттай холбогдох харилцааг зохицуулж чадаагүй нь эргээд олон нийтийн дунд уул уурхайн салбарт итгэх итгэлийг бууруулж, цаашилбал энэ салбарын нэр хүндийг дордуулсан гэж уул уурхайн салбарынхан үзэж байна. Тиймээс шинээр боловсруулж буй Уул уурхайн тухай хуульд төлөөлөгчдийн санал, зөвлөмжийг тусгах нь энэ чуулганы нэгэн зорилго болохыг УУХҮЯ-ны ахлах мэргэжилтан Ч.Цогтбаатар онцлов.
Уул уурхайн тухай хуультай болсноор хүрээлэн буй орчин дахь сөрөг нөлөөллийг хамгийн бага түвшинд барьж, нийгэмд хариуцлагатай уул уурхайн үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд нэг алхам урагшилна гэдэгт салбарынхан итгэлтэй байна.
Салбар хуралдаанд УИХ-ын гишүүн А.Ундраа, УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, Сэлэнгэ, Өвөрхангай аймгуудын Засаг дарга болон “Сентерра гоулд Монголиа”, “Монголчехметалл” компанийн удирдлагууд оролцож, УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын дарга Ж.Ганбаатар чиглүүлэв.
Хүнд үйлдвэрийн хөгжлийн гарц
Салбар хуралдааныг УУХҮЯ-ны Хэлтсийн дарга Ж.Мөнхбаяр удирдаж, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Хүнд үйлдвэрийн хөгжлийн чиглэл” сэдвээр илтгэл тавив. Мөн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн дэд захирал К.Энхчулуун төмөрлөгийн үйлдвэрийн цогцолбор төслөө танилцуулж, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хөгжлийн бодлогын газрын дарга Д.Нэмэхбаяр үйлдвэрийнхээ хөгжлийн концепцийг бүс болон орон нутгийнхаа хөгжилтэй хэрхэн уялдуулж байгаагаа танилцууллаа.
Салбарын яамны зүгээс Дархан-Сэлэнгийн бүсэд хар төмөрлөгийн цогцолбор байгуулах, Нүүрснээс нийлэг байгалийн хий гаргах, Зэс болон Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар ажиллаж байгаагаа танилцууллаа. Энэ дөрвөн төсөл хэрэгжих хугацаанд манай улсын эдийн засагт зургаан тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирж, 8000 орчим ажлын байр бий болох тооцоог УУХҮЯ-ны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга Б.Баатарсүх онцлов. Дээрх дөрвөн төслийн хүрээнд өнгөрөгч нэгдүгээр сард Монгол Улсад анхны давтах аргын технологитой, орчин үеийн тэргүүлэх технологид суурилсан бүрэн автомат удирдлага, хяналтын системтэй ган бөмбөлгийн үйлдвэрийг нээсэн бол энэ сард жилд 725 сая м.куб нийлэг байгалийн хий, 300 мянган тонн өндөр чанарын авто бензин үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн ТЭЗҮ-г хүлээн авснаа дуулгалаа. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар Энэтхэгийн Засгийн газартай хэлэлцээр хийж, “Экспорт-импорт”банкны тусламжаар Газрын тос боловсруулах үйлдвэрийг Дорноговь аймгийн Сайншандад байгуулахаар шийдвэрлээд байгаа билээ.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Хүнд үйлдвэрийн зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай төслүүдийг тодорхойлж, төмөр зам, эрчим хүч, усны асуудлыг нь нэг мөр шийдвэрлээд явах хэрэгтэй байна. Бид хичнээн баялагтай байгаад дэд бүтэцгүй бол хоосон овоолго болдогийг харлаа. Энэ салбарын том төслүүд удаашралтай яваа нь хэт улстөржилттэй холбоотой” гэлээ.
Уул уурхай салбар ба орон нутгийн хамтын ажиллагаа
Уул уурхайн салбар нэг талаас илрүүлсэн баялагаа олборлож, экспортоо нэмэгдүүлэх замаар эдийн засгаа тэтгэх зорилго, нөгөө талаас байгаль орчноо унаган төрхөөр нь хадгалж, эрүүл аюулгүй орчинд аж төрөх иргэд, олон түмний сонирхолын зааг дээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тиймээс төрийн байгууллагаас авах тусгай зөвшөөрлийн зэрэгцээ орон нутгийн иргэд, удирдлагаас авах нийгмийн лиценз уул уурхайн салбарын үйл ажиллагаанд чухал нөлөөтэй.
Салбар хуралдаанд илтгэгчээр оролцсон Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат “Уул уурхайн үйлдвэрлэлийн татвараас орон нутгийн хөгжлийн санд төвлөрдөг байсан хөрөнгийн хэмжээг бууруулснаас иргэд, ялангуяа баг, сумын иргэдийн хурал уул уурхайн компаниудтай хамтран ажиллах сонирхолгүй болсон” гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “Эдийн засгийн нөхцлөөс шалтгаалж, АМНАТ-аас суманд үлддэг 10, аймагт үлддэг 20 хувийг орон нутагт үлдээхээ больж, Сангийн яам шууд татчихаад байгаа. Уг нь энэ мөнгө уул уурхай болон орон нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ихээхэн хөшүүрэг болж байсан юм” гэв.
Тэгвэл Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн захирал Х.Бадамсүрэн “Орон нутгийн хамтын ажиллагааны сайн жишээ нь Эрдэнэт үйлдвэр юм. Энэ үйлдвэрийг дагаж бүхэл бүтэн хотын бүтээн байгуулалт хийгдсэн. Одоо ч Орхон аймаг төдийгүй бүс нутгаа хөгжүүлэх, шинээр ажлын байр бий болгоход анхаарч байгаа”-г онцолсон.
Чуулганд оролцсон хууль тогтоогчдын нэг, УИХ-ын гишүүн Н.Амарзаяа бид хөгжлийн бодлогоо урт хугацаанд 15-20 жилээр, дунд хугацаанд 4-10 жилээр төлөвлөж байна. Шинэ, хуучин нийлсэн урт болон дунд хугацааны 20 шахам баримт бичгийг баталсан байдаг. Гэвч зарим баримт бичгийн үндэсний болон салбар хоорондын, орон нутгийн түвшний хэрэгжилт хангалттай уялдаж чадахгүй байна. Үүн дотроос ялангуяа Уул уурхайн салбарын бодлого, бүсчилсэн хөгжлийн бодлого, аймаг, нийслэлийг хөгжүүлэх зорилтууд сайтар уялдах учиртай гэлээ.
Төвийн бүсийн чуулганы зөвлөмж
Найман аймгийн удирдлага, нийт 400 орчим зочид, төлөөлөгчид оролцсон чуулганы хаалтын нэгдсэн хуралдааныг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн удирдаж, чуулганаас гарах зөвлөмжийг УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал оролцогчдод уншиж танилцууллаа.
Уг зөвлөмжид “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлд тусгагдсан хуулиудын багц, хууль хоорондын давхардлыг арилгах, салбарын эрх зүйн орчныг урт хугацаанд тогтвортой, ойлгомжтой, өрсөлдөх чадвартай байлгахад анхаарч ажиллах, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, Аж үйлдвэрийн салбарт баримтлах бодлого, Ашигт малтмалын тухай хууль, Цөмийн энергийн тухай болон бусад холбогдох хууль тогтоомжийг сурталчлан таниулах, Эрдэс баялгийн бүтээгдэхүүний олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, эдийн засгийн тулгуур уул уурхайн салбарын хөгжлийн асуудлаар улс төржихгүй байх, Компаниудыг чадавхижуулах, ялангуяа хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх замаар ил тод хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, Төр хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг сайжруулах, төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн байгууллагын зөвшилцөл тогтолцоог бүрдүүлэх, Газрын хэвлийн баялгийг хаягдал, бохирдол багатайгаар иж бүрэн ашиглах, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг нэн тэргүүнд анхаарах, Эрдэс баялгийн салбарын мэдээллийг олон нийтэд үнэн зөв хүргэх, Шинэ технологи, инновацийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, Орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх, цаашид дэд бүтцийг хөгжүүлэх, Байгаль орчныг хамгаалах, Орон нутгаас хүнд үйлдвэрийн чиглэлээр хэрэгжүүлэх боломжтой төслийн саналыг бодлогын баримт бичигт тусгах, Мэргэжлийн ур чадвар, түвшинг дээшлүүлэх, Салбар үүсгэх том төслүүдийг хэрэгжүүлэх, Инновацийн идэвхтэй бизнес үүсэх угтвар нөхцлийг бий болгох, Төвийн бүсийн хөгжлийг уул уурхайн салбарын хөгжилтэй уялдуулан бүс нутгийн эдийн засгийн чадавхийг сайжруулахад анхаарал тавьж ажиллах” зэрэг 16 уриалга, саналыг тусгасан байна.
Энэхүү зөвлөмжийг эмхэтгэн хэвлүүлж, цаашид Уул уурхай хүнд үйлдвэрийн яам болон бусад холбогдох яам, газруудын бодлогын баримт бичигт баримтлан ажиллах шийдвэрийг Төвийн бүсийн чуулган гаргалаа.