Төвийн бүсийн чуулганы төлөөлөгчид мод тарив
Уул уурхайн салбарын 95 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан Төвийн бүсийн чуулга уулзалтад оролцогч, зочид төлөөлөгчидЭрдэнэт үйлдвэрийн цехүүдэд зочлохын зэрэгцээ тус үйлдвэрийн “Ногоон төгөл”-д мод тарив.
Уул уурхайн компаниуд нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг тогтмол хийж, байгаль орчноо хамгаалах, хөрсний бохирдолд анхаарах үүрэгтэй. Иймээс ч Эрдэнэт үйлдвэр ХХК байгаль орчны нөхөн сэргээлт, хамгаалах ажлыг нийгмийн хариуцлагын хүрээнд томоохон хөтөлбөр болгон хэрэгжүүлж байна.
Тус үйлдвэрийн “Ногоон төгөл”-д өнөөдрийн байдлаар 15 мянга гаруй төрлийн мод тарьсан бөгөөд вэнд зориулалтын усалгааны иж бүрэн төхөөрөмж суурилуулжээ. Энэ ажлыг үйлдвэрийн ХАБЭАБОХХ-ээс бүрэн хариуцаж, идэвх санаачилгатай ажилладаг. Тэгвэл өнөөдөр төвийн бүсийн чуулганы төлөөлөгчид 100 мод “Ногоон төгөл”-д нэмж, уул уурхайн үйлдвэрлэлийн биологийн нөхөн сэргээлтэд гар бие оролцов.
“Ногоон төгөл”-д мод тарьсны дараа төлөөлөгчид Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн үндсэн цехүүд болох Засвар механикийн завод, Ил уурхай, Баяжуулах фабрикийн Өөрөө нунтаглах хэсгийн үйл ажиллагаатай танилцаж, үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүдийг биелүүлэхэд тоног төхөөрөмжийн найдвартай үйл ажиллагаа, хүний нөөцийн бодлогыг хэрхэн зөв зохион байгуулж буй талаар мэдээллийг холбогдох мэргэжилтнүүдээс авсан юм.