С.Мандахбат: Манайд уурхайн хаалтын талаар ямар ч зохицуулалт байхгүй
Монгол Улс уул уурхайн хөгжлөөрөө дэлхийд “Сайн” гэх үнэлгээг авчээ. Нэг ёсондоо олон улсад хүлээсэн үүргээсээ ухарч байгаагүй учраас энэхүү үнэлгээг авсан байна. Харин уурхайн хаалт болон төрийн өмчит компаниудын засаглал асуудалтай байгааг олон улсын байгууллагууд сануулсан байх юм. Тиймээс Монгол Улсад уул уурхайн хөгжил болоод хууль, эрх зүйн орчин ямар байгаа талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хуулийн хэлтсийн дарга С.Мандахбаттай ярилцлаа.
-Уул уурхайн бодлогын үзэл баримтлалын үнэлгээ хийдэг олон улсын байгууллага манайд үнэлгээ хийсэн. Тус шалгалтаар манайх “Сайн” гэх үнэлгээ авсан гэсэн. Ер нь ямар үзүүлэлтийг харгалзан үзсэн бэ?
-Уул уурхайтай улс орнуудын сайн дурын үндсэн дээр 2005 онд IGF гэх байгууллага бий болсон. Байгуулагдсанаасаа хойш жил бүр Швейцарь Улсын Женев хотноо цуглаж, “Уул уурхай, эрдэс баялаг, метал ба тогтвортой хөгжил Засгийн газар хоорондын Форум"-ыг уламжлал болгон зохион байгуулж байгаа. Манай улс 2006 онд энэ санаачилгад нэгдсэн юм. Одоо энэ байгууллага 60 гаруй гишүүнтэй. Гишүүн орнууддаа зориулаад “Уул уурхайн бодлогын үзэл баримтлал” гэсэн баримт бичиг боловсруулан гаргадаг. Үүнд, санхүүгийн бодлого, байгаль орчин, нийгэм, эдийн засгийн асуудал, уурхайн хаалт зэрэг зургаан чиглэлийг загвараа болгодог. Ингээд жил болгон гарын авлага гаргадаг уламжлалтай. Засгийн газар 2015 онд тус байгууллагад хандаж, уул уурхайн бодлогодоо үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасны дагуу олон улсын шинжээчид 2016 оны наймдугаар сард манайд ирсэн. Ингээд дараа оных нь хоёрдугаар сард анхны дүгнэлт гарч, уурхайн хаалтын асуудалд эрх зүйн орчин байхгүй байна гэж дүгнэсэн. Түүнчлэн байгаль орчны асуудал тийм ч хангалттай бус гэдэг дүгнэлт хийсэн. Мөн санхүүгийн үр ашиг, тэр дундаа томоохон төслүүдийг удирдах, түүнтэй холбоотой татварын асуудал, орлогод хяналт тавихад мэдлэг чадвараа сайжруулах шаардлагатай гэсэн дүгнэлтийг хийсэн. Ерөнхийдөө Монгол Улс уул уурхайн баялагаа зөв зохистой ашиглах, тогтвортой хөгжилд нэлээд хүчин чармайлт гаргаж байна гэсэн үнэлгээ өгсөн. Түүгээр зогсохгүй Азидаа жишиг болохуйц уул уурхайн бодлого хэрэгжүүлж байна гэж биднийг үнэлсэн.
-Уурхайн хаалт гэдгийг тодорхой тайлбарлахгүй юү?
-Ямар нэгэн талбай дээр 30 жилийн хугацаатай жонш олборлохоор боллоо гэж бодьё. Ингээд улсаас зөвшөөрөл авч, үйл ажиллагаа явуулсан ч ямар нэгэн асуудлаас болж дампуурчихвал яах вэ гэсэн зохицуулалт манай хууль, эрх зүйн орчинд байхгүй. Дээрх компани зүгээр л том нүх үлдээгээд орхичихдог. Тэр нүхийг нь яаж бөглөх үү, ажилчдыг нь яах уу, дэд бүтэц үүсгэсэн бол нийгмийн асуудлыг нь яах уу, байгаль орчны асуудлыг нь хэрхэн зохицуулах вэ зэрэг асуудал гарч ирнэ. Уул уурхай өндөр хөгжсөн Австрали, Өмнөд Африкт хүртэл том асуудал болж байгаа. Тиймээс өнөөдөр компаниуд ашиглалтын лиценз авахдаа байгаль орчны эрсдлийн баталгаа гаргаж өгөх шаардлага урган гарч ирж байгаа юм.
-Манайд уурхайн хаалтын талаар ямар ч зохицуулалт байдаггүй юм уу?
-Байхгүй. Харин Ашигт малтмалын тухай хуульд “уурхай хаагдахаасаа нэг жилийн өмнө баталгаа өгнө” гэсэн байдаг. Харин Байгаль орчны тухай хуульд “Гурван жилийн өмнө байгаль орчны эрсдлийн баталгаа өгнө” гээд заачихсан. Гэтэл бодит амьдралын хэрэгцээ, бусад орнуудын үлгэр жишээг харахаар анх ашиглалтын лиценз авч, уурхай нээхдээ гэнэтийн асуудлыг тооцоолж, байгаль орчны эрсдлийн баталгаа гаргаж өгдөг. Үүнийг хуульд тусгах хэрэгтэй. Тиймээс ч сүүлийн 4-5 жил уурхайн хаалтыг хуульд тусгах талаар ярьж байгаа.
-Манайх нэг үе уул уурхайн лицензийг замбараагүй олгож байлаа. Харин сүүлийн жилүүдэд лиценз олголтыг хязгаарласан. Тиймээс хөрөнгө оруулагчид цөөрсөн. Тэгвэл энэ Засгийн газар лиценз олгох тал дээр ямар журмаар ажиллаж байгаа вэ?
-Одоогийн байдлаар Монгол Улсад 3000 орчим лиценз олгогдоод байгаа. Үүний гуравны нэг нь ашиглалтын лиценз байдаг. Үлдсэн хувь нь хайгуулын лиценц байдаг юм. Уул уурхайн лицензийг 2009-2010 онд нэлээд олгосон. Харин сүүлийн таван жил нэг их олгосонгүй. Уг нь манайх Австрали, Канад шиг газар нутгийнхаа аль хэсэгт баялаг байгааг бүрэн мэддэг улс биш. Эдгээр улсууд хайгуулын лицензийг маш ихээр олгодог. Ингэж байж хаана юу байгаагаа мэддэг. Гэтэл манайх эсрэгээрээ хайгуулийн лиценз олгохоо багасгасан. Энэ нь буруу. Хөрөнгө оруулалтыг татах үндсэн хоёр үзүүлэлт байдаг. Нэг нь геологийн мэдээллийн сан хэр баялаг вэ гэдгээр хэмжигдэнэ. Харин нөгөөх нь хууль, эрх зүйн орчин таатай байна уу, үгүй юү, татвар өндөр үү, бага уу, улс төрийн нөхцөл байдал нь тогтвортой юу гэдгийг хардаг. Энэ хоёр үзүүлэлтийн бараг 60 хувь нь геологийн үзүүлэлт байдаг. Гэтэл манайх хайгуулын лиценз олгохгүй болчихоор хэн орж ирэх вэ дээ. Ингээд манай уул уурхайн индекс унаж, хөрөнгө оруулагчид өөр орнуудыг зорих болсон. Харин одоо хайгуулын лицензийг олгож эхэлсэн. Хуучин хайгуулын лиценз өгдөг байхад эмх замбараагүй байдал их үүсдэг байлаа. Харин одоо цахим дугаар олгож эхэлсэн. Нэг ёсондоо хамгийн түрүүнд хүсэлт гаргасан иргэдэд хайгуулын лиценз олгож байна. Одоогоор 30 сая гаруй талбайд лиценз олгох боломжтой болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас гарсан шийдвэр аль болох том хүрээнд хайгуулын ажлыг хийх бололцоог гаргаж өгсөн. Энэ ажил ойрын үед эхэлнэ. 2016 онд сонгууль болж, улс төрийн хувьд харьцангуй тогтвортой байдал үүсээд байна. Хайгуулын ажил хийхэд маш их хөрөнгө зарцуулж, олон газар өрөмдөх шаардлага гардаг. Хайсан зүйлээ олж чадахгүй бол хөрөнгөөрөө шатна. Хэрэв зөв өрөмдвөл азтай. Олсон нөөцөө Эрдэс баялгийн зөвлөлөөр батлуулаад, улсад бүртгүүлнэ. Ингээд хуульд заасан бичиг баримтаа бүрдүүлж, байгаль орчны үнэлгээ хийлгэдэг.
-Манай улсын эдийн засаг уул уурхайгаас хамааралтай гэхэд болно. Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ ханш өсч байгаа. Энэ бололцоог ашиглах тал дээр салбарын яам ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Мэдээж эрдэс баялгийн үнэ ханш өндөр байгаа үед ихийг олборлож гаргахыг хичээнэ. Бид уул уурхайгаас орж ирэх үр ашгийг дээшлүүлэх чиглэлд тодорхой ажлуудыг хийж болохоор байгаа юм. Тухайлбал, дотоодын худалдан авалт, ханган нийлүүлэлтийг шийдэж болно. Уул уурхайн үр ашгийг дотооддоо шингээх нь хамгийн чухал. Яагаад гэвэл, уул уурхайн бүтээгдэхүүнийг борлуулаад гарсан ашгийг нь тухайн улсад орж ирж байгаа татвар хураамжийн хэмжээнээс харж болдог. Дээрээс нь ажлын байр, дэд бүтцийг монголчууд бүрдүүлэх ёстой. Дор хаяж ажлын хувцсыг нь орон нутгийн иргэд хийдэг байх, кемпийг нь дотоодын компаниуд барьдаг байх ёстой шүү дээ. Үүнийг монголчууд хийж чадна. Ашигт малтмалын хуульд “Монголд үйлдвэрлэсэн бараа, ажил үйлчилгээнд дотоодын аж ахуйн нэгж тэргүүн эгнээнд давуу эрх эдэлнэ” гэж заасан байдаг. Энэ заалтыг хэрэгжүүлэхийн тулд наад зах нь стандарт гаргаж ирэх хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалттай компани дахин нэг охин компани байгуулаад Монгол компани болчихдог. Ингээд гадаадын хөрөнгө оруулалттай уурхайнуудад гаднынхан кемп барьдаг. Үр ашиг нь хаана очиж байна. Тэр нөхдүүдэд л очиж байгаа биз дээ. Тэгтэл кемп барих ажлыг Монголын захын компани хийнэ шүү дээ. Тиймээс үүнийг хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа юм.
-Уул уурхайн компаниуд орон нутагт хамтын гэрээ байгуулдаг. Гэвч зарим гэрээ нь орон нутгийн иргэдэд нууц байдаг тухай гомдол их байдаг юм билээ. Заавал нууцлах хэрэгтэй байдаг юм уу?
-Гэрээ нээлттэй байх уу, үгүй юу гэдэг асуудал маргаантай байдаг. Захиргааны гэрээний хүрээнд авч үзвэл нээлттэй байх ёстой. Харин иргэний эрх зүйд хамаарчихвал бизнесийн асуудал хөндөгдөж магадгүй. Мэдээж олон компанитай бүс нутагт янз бүрийн нөхцөлтэй гэрээ байгуулдаг. Гэрээний хэрэгжилт нь ямар байх вэ гэдгийг төвийн болон орон нутгийн байгууллага нэг тийш нь шийдэхгүй бол янз бүрийн маргаан гардаг. Энэ нь жаахан цэгцтэй болоод явчихвал орон нутагт очих үр ашиг нь сайжирна.
-Ашигт малтмалын тухай хууль хэрэгжээд 20 жил болох хугацаанд хэр их өөрчлөлт гарсан бэ?
-Ашигт малтмалын тухай хууль хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийг яаж олгох, ямар үед олгох зэргээр лицензтэй холбоотой асуудлыг ихэвчлэн зохицуулдаг. Өөрөөр хэлбэл, зөвхөн лицензтэй холбоотой асуудлыг шийдвэрлэдэг хууль болчихоод байгаа юм. Гэтэл лиценз олгож хайгуул хийхээс өмнө орон нутагтай хэрхэн харьцахаас эхлээд процессын үйл ажиллагааг зохицуулсан хууль байхгүй. Салбар бүр багц хууль байхад эдийн засгийн тэргүүлэх хүч болсон уул уурхайн салбарыг нэг хуулиар зохицуулаад голлох процессын үйл ажиллагааг зохицуулах дүрэм журам нь орхигдсон. Эдгээрийн зарим нь байгаль орчны, зарим нь татвар, төсвийн зэрэг бусад олон салбарын хуулиар, нөгөө нэг хэсэг нь Засгийн газрын тогтоол, эсхүл сайдын баталсан журмаар салж хэрэгждэг. Тодруулбал, өдөр тутмын үйл ажиллагааг нь зохицуулдаг дүрэм журам нь өөр салбарын хуулиудаар эсвэл Засгийн газар, сайдын баталсан журмаар шийдвэрлэгдэж, хэрэгжиж байна.
20 жилийн хугацаанд дандаа дардан байгаагүй. Ашигт малтмалын үнэ дэлхийн зах зээлд өсчлөө гээд л 68 хувийн татвар бий болгох шийдвэр гаргаж байсан. Ингэснээр Монголбанкинд 25 тонн хүртэл тушааж байсан алтны хэмжээ таван тонн хүртлээ буурсан удаа бий. Мөн урт нэртэй хууль анх гаргаж хэрэгжүүлж эхлэхдээ хуулийн хүрээнд хилийн заагийг харилцан адилгүй тогтоосон. Тухайлбал зарим газарт голын эргээс 300 метрийн зайд, зарим газарт гурван километрын заагт хилийн заагийг тогтоож хязгаарлалт тогтоосон байх жишээтэй. Ингээд 1000 орчим тусгай зөвшөөрлийн асуудал яригдаж эхэлсэн. Урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулж энгийн хамгаалалтын бүсийн 200 метрийн зайтай байхаар тодорхой болгож өгснөөр хууль жигд үйлчлэх боломж бүрдсэн байх жишээтэй.
-Гаднын улс оронд уул уурхайн үйл ажиллагааг зохицуулсан хууль хэрхэн хэрэгждэг вэ?
-Уул уурхайн үйл ажиллагаа явагдаж байгаа ихэнхи улс орнуудад Ашигт малтмалын тухай хууль, Уул уурхайн тухай хууль гээд тусдаа байдаг. Үүнтэй холбоотойгоор уул уурхайн тухай хуулийн төслийг бид боловсруулж байгаа. Гэхдээ ямар ч тохиолдолд балансыг нь харахад манай улс уул уурхайн хөрөнгө оруулалт татах эрхзүйн орчноороо эхний эгнээнд буюу боломжийн хэмжээнд явж байгаа.
Алдаа оноотой шийдвэр гаргаж байсан ч манай улс үргэлж олон улсын өмнө хүлээсэн үүргээсээ хэзээ ч няцаж байгаагүй. Энэ нь хөрөнгө оруулагч давхар татварын хэлэлцээр, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах хэлэлцээр, чөлөөт худалдааны хэлэлцээр зэрэг хоёр талын болон олон талт гэрээ, хэлэлцээрийн хүрээнд шаардах эрх нь хэрэгжих боломж үүсэж байгаа юм. Түүнчлэн хөрөнгө оруулалтын эрсдлийнх нь баталгаа болж өгдөг. Нөгөө талаар манай оронд ямар нэг зэвсэгт мөргөлдөөн, шашны болоод үндэстэн ястны хагарал гэх нийгмийн хурц асуудал байхгүй байгаа нь ижил төстэй өрсөлдөгч Ази, Африк, Латин Америкийн улс орнуудаас давуу байдлыг бий болгож байна.
Ярилцсан сэтгүүлч У.Сарангэрэл
Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН сонин