Хариуцлагатай уул уурхай ба орон нутгийн хөгжил
Энэ жил Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой тохиож байгаа юм. Ойн хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас салбарын чуулганыг дөрвөн бүсэд зохион байгуулахаар төлөвлөсний анхных нь Орхон аймгийн Эрдэнэт хотод болсон бол хоёр дахь нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод зохион байгуулагдсан билээ.
Хоёр өдөр үргэлжилсэн Зүүн бүсийн чуулганд Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгийн 200 орчим төлөөлөгч оролцов. УУХҮЯ, АМГТГ-аас төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтээ танилцуулж, тус бүсэд үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд болон орон нутгийн удирдлага, төлөөллүүд бүс нутгийн хөгжилд уул уурхайн салбарын үзүүлж буй нөлөө, хамтын ажиллагаа, тулгамдаж асуудлуудаа ярилцаж, талууд ойлголтоо нэгмөр болгоход чуулганы зорилго оршив.
БАЙР СУУРЬ
Зүүн бүсийн чуулганы хүрээнд Эрдэс баялагийн салбарын эрх зүйн орчин, ялангуяа шинээр боловсруулж буй Уул уурхайн хуулийн төсөлд тусгах санал, компаниудын нийгмийн хариуцлагын сайн жишээ, талуудын хамтын ажиллагааны амжилт, алдаа дутагдал, тусгай зөвшөөрөл олголт, бичил уурхай эрхлэлт, тэдний сургамж зэрэг олон талт асуудлыг төлөөлөгчид хөндөж, байр сууриа илэрхийллээ.
УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын дарга Ж.Ганбаатар:
Чуулганы ач холбогдол бол төрийн байгууллага, аймаг, орон нутаг, тусгай зөвшөөрөл эзэмшигчид хамтран тулгамдаж буй асуудлаа ярилцах, ойлголтын зөрүүгээ арилгах, бэрхшээлийг хамтдаа давах гарцуудыг эрэлхийлэхэд чиглэж байна. Энэ бүс бол эрдэс баялагийн арвин их нөөцтэйгөөс гадна, геологи, хайгуулын ажил харьцангуй сайн хийгдсэн нутаг юм. Том уурхайнууд нь улс, орон нутгийн төсвийн ачаанаас үүрэлцэж байдгийн хувьд уул уурхайн салбараа харьцангуй ойлгож, дэмждэг юм билээ.
ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн багш М.Дагва:
Уул уурхайн салбарт тулгамдаж буй асуудлуудын нэг нь техник, технологийн хөгжил юм. Энэ бол уул уурхайн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлдэг үндсэн хүчин зүйлсийн нэг. Дэлхийн нийтэд 2000-аад оныг хүртэл энэ салбарын техник, технологи нүсэр том болох чиглэлд, өөрөөр хэлбэл бүтээмж нэмэгдүүлж, хүн хүч хэмнэх чиглэлд хөгжиж ирсэн байдаг. Харин одоо бол хэмжээний хувьд томрох хандлага нэгэнт ханажээ. Харин хайгуулын хувьд ухаалаг, олборлолтын хувьд үр ашигтай, байгаль орчны хувьд хариуцлагатай, ажлын орчны хувьд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангасан техник, технологийг хэрэглэх нь энэ салбарын нэр хүндийг сэргээж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх учиртай болоод байна.
Хэнтий аймагт үйл ажиллагаа эрхэлдэг “Монголросцветмет” ХХК-ийн захирал Д.Ганболд:
Уул уурхайн үйлдвэрлэл гэдэг бол маш их цаг хугацаа, хөрөнгө хүч, хүний нөөц шаарддаг нүсэр ажил. Магадгүй түүнийг эхлүүлэх нь харьцангуй амархан байж болно. Гэхдээ удаан хугацаанд хэвийн авч явна гэдэг амаргүй. Өнөөдөр бид “Эрдэнэт үйлдвэр”-ийг бахархан ярьж байна. Энэ үйлдвэрийг дагасан том хот одоо бараг 200-гаад мянган хүнтэй болж байгаа байх. Тэгвэл түүний нөөцийг дуусахаар энэ хотыг яах вэ? Энэ асуултын хариуг өнөөдрөөс бодож, одооноос шийдлийг нь олж явах учиртай. Бид Бор-Өндөрийг хаагдахгүй юм шиг л явцгааж байна. Нэг өдөр нөөц нь дуусаж л таараа. Цаашид энэ хотын ирээдүйг бодож ажиллах нь хариуцлагатай уул уурхайн бас нэг чухал сэдэв юм.
Дорнод аймгийн төлөөлөгч, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Л.Лхагвасүрэн:
Өнөөдөр нийгмийн хариуцлагын талаар ярьж байна. Тэгвэл нийгмийн хамгаалал нь хаана байгаа юм. Энэ салбарыг нуруундаа үүрч яваа хувийн хэвшлийнхний эрсдэлийг хэн хамгаалж, хэн ойлгож дэмжиж байгаа юм. Төрийн түшээ, засаг захиргааны ажилтнуудаасаа эхлээд тусгай зөвшөөрөл цуцлах, ажлыг нь зогсоох асуудлыг дээр дооргүй ярьдаг. Ийм орчинд яаж өсөж өндийх юм. Энэ салбарыг хөгжүүлэх бодлого орон нутагт ихээхэн алдагдаж байгаа шүү.
Өнөөдөр манай хоёр хөршийн хилийг хилчид нь төдийгүй геологичид нь манаж байна. Үүнтэй зэрэгцээд бид хил орчмын геологийн судалгаагаа эрчимжүүлэх, шаардлагатай бол ордуудаа ашиглах замаар хилийн хэвлийгээ хамгаалах учиртай. Ялангуяа хойд хөрштэй хатуу ашигт малтмалаар, өмнөд хөрштэй шингэн ашигт малтмалаар холбогдсон манай зүүн бүсэд эрдэс баялагийн төв байгуулах саналыг тавьж байна.
ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙГ ХАМТДАА БҮТЭЭНЭ
Төвөөс ирсэн удирдах ажилтан, эрдэмтэн судлаачдын илтгэлийн дараа "Монголросцветмет" ХХК-ийн захирал Д.Ганболд, "Цайрт минерал" ХХК-ийн захирал С.Батхүү, Сүхбаатар аймгийн Засаг даргын орлогч Т.Амарбаатар, Хэнтий аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Э.Мөнх-Эрдэнэ, Дорнод аймгийн мөн хэлтсийн дарга М.Арьяазул нар мэдээлэл хийж, төлөөлөгчдийн асуултад хариулав.
СҮХБААТАР АЙМАГ
Зүүн бүсийн чуулганыг хамтран зохион байгуулагч Сүхбаатар аймгийн хувьд 2016 оны байдлаар нийт 140,3 тэрбум төгрөгийн уул уурхайн бүтээгдэхүүн, үүний дотроос 175,4 мянган тонн нүүрс, 100,2 мянган тонн цайрын баяжмал, 4 мянган тонн хайрга зэргийг үйлдвэрлэсэн байна.
Тус аймгийн нутагт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын нийт 122 тусгай зөвшөөрлийг 78 аж ахуйн нэгж эзэмшихээс гадна газрын тосны хайгуулын 5, ураны хайгуулын 12 тусгай зөвшөөрөл олгогдсон байдаг.
Бичигт-Зүүн хатавчийн боомтоор дамжин БНХАУ-ын Жинжөү боомтоор Монгол Улсаас бараа бүтээгдэхүүн хамгийн дөт авто зам, төмөр зам, агаарын замаар далайд гарах боломжтой газар зүйн таатай байрлалд байгаагаа давуу тал хэмээн үзсэн Сүхбаатарчууд хүн ам сийрэг суурьшдаг, ажиллах хүчний хязгаарлагдмал нөөц, зах зээлийн багтаамж бага байгаа нь үйлдвэр үйлчилгээний хөгжилд тааламжгүй, улмаар цөлжилт, ган зуданд түргэн нэрвэгдэх магадлалтай экологийн эмзэг орчинтойгоо сул тал хэмээн тооцож байна.
Сүхбаатар аймагт хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийн тулд компаниудын үйл ажиллагаа, улс, орон нутгийн төсөвт төлсөн татвар, хураамж болон нийгмийн хариуцлага, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хийсэн ажлуудыг иргэдэд таниулах, мэдээлэх зорилгоор сонин хэвлүүлж, мөн жил бүр холбогдох мэргэжлийн байгууллага, сумдын төлөөлөл, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулсан сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж хэвшжээ.
Орон нутгийн зүгээс “Цайрт минерал” ХХК, “Бадмаараг хаш” ХХК-иудтай хамтын ажиллагааны гэрээгээ байгуулсан бол “Эм эл цахиурт овоо” ХХК-тай хэлэлцээрийн шатанд яваа аж.
Харин газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан ажиллаж буй компаниуд гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу жил бүр орон нутагт олгох дэмжлэгийг дутуу олгож байгаад шүүмжлэлтэй хандаж байлаа.
ДОРНОД АЙМАГ
Монгол орны хамгийн зүүн хязгаарын Дорнод аймгийн хувьд 123 мянган км.кв газар нутагтай, газрын хэвлийн эрдэс баялгийн арвин нөөцтэй. Тус аймгийн нутагт ашигт малтмалын 85 орд, ирээдүй бүхий 149 илрэлийг тогтоосон бөгөөд 1997 оноос ашигт малтмалын ашиглалт, олборлолт нэлээд эрчимтэй хөгжиж ирсэн байдаг. Аймгийн хэмжээнд 550 гаруй сая тн нүүрс, газрын тосны XIX, XXI талбайд ашиглалтын баталгаат 42.2 сая тн газрын тосны нөөцтэй.
“Дорнод аймгийн 2016-2025 оны хөгжлийн хэтийн зорилго” баримт бичгийг 2016 онд аймгийн ИТХ-аар баталсан бөгөөд тус баримт бичигт “Газрын тос, нүүрс, өнгөт төмөрлөг болон барилгын материалын боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлж, бүтээгдэхүүнээ гадаад, дотоодын зах зээлд нийлүүлснээр аймгийн эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх” зорилт дэвшүүлжээ.
Түүнчлэн “Хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах, ажилтай, орлоготой байх, байгалийн баялгийн нөөцийг түүний нөхөн сэргэх чадавхид нь тохируулан ашиглаж, тогтвортой хөгжлийг хангах замаар байгалийн унаган төрхийг хадгалах” талаар тусгасан байна.
Нэг дэх зорилтын хүрээнд Газрын тосны олборлолтоос гарч байгаа илүүдэл хийг ашиглан бага оврын хийн үйлдвэр байгуулах талаар судалгаа хийх, Дорнод аймгийн Улаан, Цав, Мухар, Номинт, Авдар толгой, Алтан Цагаан-Овоо, Салхитын полиметаллын ордуудыг Сүхбаатар аймгийн Төмөртийн Овоо, Хол худаг, Хэнтий аймгийн Мөнгөн-Өндөр, Тугалгатайн нуруун дахь ордуудтай хамтатган кластерийн хандлагаар хөгжүүлэхээр төлөвлөжээ.
Мөн Чойбалсан хот орчимд өнгөт төмөрлөгийн боловсруулах үйлдвэр байгуулах, Адуунчулууны хүрэн нүүрсний бүлэг ордыг түшиглэн малын хүчиллэг тэжээл, газар тариалангийн бордоо болох гумины бордооны үйлдвэр байгуулах зэрэг ажлуудыг үе шаттай хэрэгжүүлэхээр зорьж байна.
ХЭНТИЙ АЙМАГ
Хэнтий аймаг 2016 оны байдлаар 332,8 тэрбум төгрөгийн дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн бөгөөд үүний 14,9 хувийг аж үйлдвэр, барилгын салбараас бүрдүүлсэн байна.
Тус аймагт ашигт малтмалын 62 орд, 259 илрэл, 360 эрдэсжсэн цэг илэрснээс чулуун нүүрсний 1, хүрэн нүүрсний 10, шатдаг занарын 3, нефтийн 3, битумын 3, төмрийн хүдрийн 20, кбальт никелийн 5, хар тугалганы 9, цайр, зэсийн 25, цайрын 11, цагаан тугалганы 51, вольфрамын 40, молибдений 20, алт, мөнгөний 92, ураны 6, радигийн 1, газрын ховор элементийн 3 орд, илрэл тус тус бүртгэгдсэн байдаг.
Аймагтаа уул уурхайн салбарыг хариуцлагатайгаар хөгжүүлэхийн тулд 2016 онд баталсан “Ногоон хөгжилд суурилсан тогтвортой хөгжлийн хэтийн зорилт-2026” бодлогын баримт бичигтээ гурван зорилт дэвшүүлжээ. Үүнд:
Байгалийн баялгаас олж байгаа ашиг орлогын тодорхой хувь болон учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогыг тухайн нөөцийг нөхөн сэргээх, байгаль орчны бохирдол доройтлыг арилгахад зарцуулж хэвших;
Үйлдвэр аж ахуйн болон уул уурхайн үйл ажиллагаанд бохир ус цэвэршүүлэх, саарал ус ашиглах, ус ашиглалтын үр ашгийг нэмэгдүүлсэн дэвшилтэт технологийг дэмжих;
Уул уурхайн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг дээшлүүлэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх гэсэн зорилтуудыг тусгаж ажиллаж байна.