Б.Мөнхтөр: Геологийн салбарыг ойлгохгүй байх, хуулийг буруугаар тайлбарлах асуудал түгээмэл байдаг
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газрын дарга Б.Мөнхтөртэй Монголын геологийн салбарын нөхцөл байдлын талаар ярилцлаа.
Тэрээр геологич мэргэжилтэй. 23 жил мэргэжлээрээ ажилласан. Өмнө нь 10-аад жил үйлдвэрлэлд ажиллаж байгаад сүүлийн долоон жилд төр захиргааны байгууллагад ажиллаж байгаа аж.
-Геологийн салбарт тулгамдаж байгаа олон олон асуудлын заримаас шийдэхийн тулд 10 дахь чуулга уулзалт болж байна. Та газрын даргын хувьд хамгийн түрүүнд ямар асуудлыг хэлэлцэж, шийдээсэй гэж үзэж байгаа вэ?
-Ер нь геологи, хайгуулын салбарын аж ахуйн нэгжүүдэд тулгамдаж байгаа асуудлуудаас нэн тэргүүн хууль эрх зүйн орчинг тогтвортой байлгахыг хүсдэг. Орон нутагтайгаа тулгамдсан асуудлаа шийдээд явахыг хэлэлцдэг. Гэвч харамсалтай нь, орон нутгийн засаг захиргаа геологчдын ажлыг тэр болгон дэмжээд байдаггүй. Геологийн салбарыг ойлгохгүй байх, хуулийг буруугаар тайлбарлах асуудал түгээмэл байдаг. Тиймээс орон нутагт геологийн үйл ажиллагаа явуулахад нь дэмжиж ажиллъя гэсэн бодолтой байгаа.
-Одоогийн нөхцөл байдлаар геологи, хайгуулын ажлыг орон нутагт нэг болохоор эсэргүүцээд, нөгөө талаас төр нь зохицуулаад байх шиг зөрчилдөөн явагддаг. Энэ талаар салбарын геологчид байр сууриа илэрхийлж байгаа. Энэ зөрчил юунаас болоод байдаг юм бэ?
-Энэ нь ойлгомжгүй асуудал биш. Тэртээ тэргүй хууль тогтоомж нь ойлгомжтой болчихсон асуудал. Геологи хайгуулын ажлын чиг үүргийг нь хэрэгжүүлж, чиглүүлдэг төр захиргааны яам, агентлаг нь ажиллаж байдаг. Хамгийн гол нь орон нутгийн засаг захиргаа хууль тогтоомжийг дэмжиж ажиллах ёстой. Гэтэл харамсалтай нь орон нутгийн засаг захиргаа нь хууль эрх зүйн орчноо сайн мэдэхгүй байна. Иймээс аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа явуулахад нь энэ хандлага дарамт болж байгаа юм.
-Цаашид геологи хайгуулын үйл ажиллагааны чиг хандлага ямар байх бол?
-Олон улсад геологи хайгуулын үйл ажиллагаанд өсөлттэй байдал ажиглагдаж байгаа. Зах зээлд түүхий эдийн үнэ ханш өсчихлөө. Үүнийгээ дагаад гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх хандлагатай байна.
-Үндэсний геологийн алба байгуулвал геологи, хайгуулын салбарын олон асуудлыг шийднэ гэж салбарын хүмүүс үзэж байна. Заавал байгуулах шаардлагатай юм уу. Энэ талаар таны бодол?
-Олон улсад энэ албанд төр захиргаа нь өндөр ач холбогдол өгдөг юм. Энэ алба нь ямар үүрэгтэй юм бэ гэвэл зөвхөн геологи, ашигт малтмалын асуудал биш инженер геологи, хот төлөвлөлт, аюулгүй байдал, газрын чичирхийлэл, хөрсний нуралт, гүний судалгаа гэх мэт олон талын асуудлыг судалж, ажилладаг том бүтэцтэй байдаг. Бид олон улсын түвшний Үндэсний геологийн алба байгуулъя гэсэн бодолтой байгаа.
Гэхдээ улсын эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд энэ албыг байгуулна гэхээр шинэ бүтэц, зохион байгуулалт хийгдэж, тодорхой төсөв мөнгө шаардагдана гэсэн үндэслэлээр төр, засгийн зүгээс таатай орчинг хүлээж, хойшлуулаад байдаг.
-Ингэхэд хайгуулын тусгай зөвшөөрлийг ямар хүмүүст олгоод байгаа юм бэ. Ямар хяналт байдаг вэ?
-Сонгон шалгаруулалтаар төслөө бичиж танилцуулсан аж ахуйн нэгж, хүмүүсийг шалгаж, үнэлгээ хийгдсэний дараа олгодог. Энэ талаар би илтгэлдээ ярьсан. Шалгарсан бол хайгуулын тусгай зөвшөөрлөө авна.
-Авилга дотор нь явагддаг гэсэн таамаг, сэжиг яригддаг. Үнэн юм уу?
-Энэ талаар мэдээлэл алга. Таамаг, сэжиг бүхий яриа байх. Батлаж, нотлогдсон зүйл байхгүй.
Ярилцсан Б.Баярмаа /ardchilal.mn /