“Coal Mongolia – 2018” олон улсын чуулга уулзалт болж байна
Нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын “Coal Mongolia – 2018” олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн өнөөдөр эхэллээ. Монгол Улсын нүүрсний салбарт хөрөнгө оруулалт татах, шинэ техник технологи нэвтрүүлэх, нүүрсний экспорт, худалдаа, тээвэр ложистикийг сайжруулах, Азийн зах зээлд Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг бэхжүүлэх зорилготой энэхүү чуулга уулзалт найм дахь жилдээ болж байна.
Энэ удаагийн чуулга уулзалтыг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нээж үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газраас хариуцлагатай, ил тод геологи, уул уурхайн салбарыг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Нүүрсний салбар бол манай улсад орчин үеийн уул уурхайн салбарын үндсийг тавьсан төдийгүй нүүрс нь стратегийн чухал ач холбогдолтой экспортын бүтээгдэхүүн билээ. Тавантолгойн болон бусад томоохон нүүрсний ордуудыг иж бүрэн ашиглах, бүс нутгийн дэд бүтэц, эдийн засгийн интеграцид үндэслэсэн хамтын ажиллагааны хүрээнд бидэнд харилцан ашигтай хамтран ажиллах өргөн боломжууд бий гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна” гэлээ.
УУХҮ-ийн сайд мөн хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд Монгол Улсын төрөөс уул уурхайн салбарт ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээнүүд болон уул уурхайн дэд бүтцийн бүтээн байгуулалт, эрх зүйн орчин гэсэн сэдвүүдээр мэдээлэл өгч, санал солилцсон юм.
Энэ удаагийн “Coal Mongolia – 2018”-ын ерөнхий зохион байгуулагчаар “Гложекс Консалтинг” ХХК, хамтран зохион байгуулагчаар Монгол нүүрс Ассоциац болон Хятадын нүүрсний зах зээлийн судалгааны томоохон компани Fenwei Energy Information Services Co.,Ltd (Fenwei) буюу www.sxcoal.com ажиллаж байна.
Монголын нүүрс экспорт түүхэн дээд хэмжээнд хүрч, антрацит болон эрчим хүчний нүүрсийг баяжуулж экспортлож эхэлсэн, шинээр нүүрс баяжуулах үйлдвэрүүд баригдаж, зарим нь төслийн шатандаа хэрэгжиж буй зэрэг нүүрсний салбарын онцлог үйл явдлууд давхцсан ч олборлолтоос баяжуулалт, боловсруулалт, тээвэрлэлтийн технологийн сорилттой тулгарсаар байна. Тиймээс “Coal Mongolia – 2018”-аар технологийн дэвшлийг онцолж, үйлдвэрлэгч-бэлтгэн нийлүүлэгчдийн бизнесийн харилцаа, хамтын ажиллагааг бүтээлчээр, үр ашигтай өргөжүүлэх зорилт дэвшүүлж байгаагаараа онцлогболохыг зохион байгуулагчид хэлж байв.Энэ удаагийн чуулга уулзалтад 600 гаруй зочид төлөөлөгчид оролцож буй аж.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам.