Ц.Эрдэнэбаяр: Шатахууны үнэ өнөөдрөөс 110 төгрөгөөр буулаа АМГТГ-аас шатахууны үнэ буурсантай холбогдуулан хэвлэлийн хурал зарлалаа.
Хэвлэлийн хуралд Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр, Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Н.Энхцогт, Импортын судалгаа, гадаад эх үүсвэр хариуцсан мэргэжилтэн Х.Пүрэвдолгор нар оролцон мэдээлэл өглөө. Уул уурхайн, хүнд үйлдвэрийн яамнаас “Шатахуун худалдаа эрхлэгч аж ахуй нэгжүүдэд жижиглэнгээр борлуулж буй шатахууны үнийг эдийн засгийн зохистой түвшинд тогтвортой байлгах” заалтыг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн шатахууны хилийн үнэ буурсан үед шатахууны жижиглэнгийн үнийг буулгаж байх чиглэл өгсөний дагуу өчигдөрөөс шатахууны үнэ 50-100 төгрөгөөр буулаа.
Уг заалт Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор батлагдсан “Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөл”-ийн дагуу дөрөвдүгээр хуралдааныг 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулж шатахууны үнийг литр тутамд нь буулгахаар шийдвэрлэсэн.
Он гарснаас хойш нийтдээ 2019 оны 3, 4, 5 дугаар сард дэлхийн зах зээл дэх түүхий тосны үнэ гурван удаа өссөн. Үүнтэй холбогдуулан A92 дээр жишээ авч үзвэл үнэ литр тутамдаа 180-200 төгрөгөөр нэмэгдсэн. Харин 2019 оны 5 сарын сүүлээр буюу 6 сард хилийн үнэ буурсан. Мөн Сингапурийн бирж дэх газрын тосны үнэ буусантай холбогдуулаад 6 дугаар сарын эхээр дизель түлшний жижиглэн 45 төгрөг, А92 шатахууны жижиглэнгийн үнэ 50 төгрөгөөр буурсан.
Мөн 7 дугаар сард түлшний үнийг дахин буулгана гэж УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар мэдээлж байсны дагуу өчигдөрөөс эхлээд А92, А95 шатахууны жижиглэнгийн үнэ 50 төгрөгөөр буулгасан. Ингээд нийт А92 шатахууны үнийг 6, 7 дугаар сард нийлээд 100-110 төгрөгөөр, А95 шатахууны үнийг 50 төгрөгөөр буусныг мэдэгдлээ.