УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ДЭД САЙД О.БАТНАЙРАМДАЛ “ОЛБОРЛОХ САЛБАРЫН ХАНДИВЛАГЧДЫН ЦАХИМ ХУРАЛ”-Д ОРОЛЦЛОО
Эрдэс баялагт суурилсан Монголын эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах зорилгоор Монгол, Австралийн засгийн газар Австрали Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөрийг (AMEP) хэрэгжүүлж байгаа билээ.
2015-2019 онд хөтөлбөрийн нэгдүгээр шат хэрэгжсэн бөгөөд 2019 оноос хоёрдугаар шатыг илүү олон талын оролцоотой, өргөн цар хүрээтэйгээр хэрэгжүүлж байна.
“AMEP II” хөтөлбөр нь Монгол Улсын хөгжилд чухал нөлөөтэй эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах зорилтын хүрээнд хэрэгжиж буй төсөл бөгөөд хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр /2021.03.05/ “Олборлох салбарын хандивлагчдын цахим хурал” боллоо.
Уг хуралд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал оролцож Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үндэслэл, зорилго, явцын талаар мэдээлэл өгсөн юм.
Мөн хурлаар институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах зорилго бүхий Канад Улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр хэрэгжиж буй “MERIT” төслийн явцын үр дүнгийн талаар хэлэлцсэн ба дараагийн зургаан сард хэрэгжүүлэх шаардлагатай ажлын тэргүүлэх чиглэлийг тодорхойлох хэлэлцүүлэг өрнөсөн юм.