МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД УУЛ УУРХАЙН САЛБАРААС НИЙТ 4.3 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ОРЛОГО БҮРДҮҮЛЭХЭЭР ТУСГАЛАА
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Сангийн сайд Б.Жавхлан, ЗТХ-ийн сайд Л.Халтар, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нар /2021.10.26/ сэтгүүлчидтэй уулзаж, УИХ-д өргөн бариад байгаа 2022 оны төсвийн төслийн талаар болон тухайн салбарын хөрөнгө оруулалт, цаг үеийн сэдвээр мэдээлэл өгч, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
УУХҮ-ийн сайд Г.Ёндон хэлэхдээ 2022 оны төсвийн тухай хуулийн төсөлд 36.7 сая тн нүүрс, 1.2 сая тн зэсийн баяжмал, 20 тн алт, 9.5 сая тн төмрийн хүдэр, баяжмал экспортолж уул уурхай, олборлох салбарын орлого 4.3 их наяд төгрөг байхаар, мөн 6.3 сая баррель газрын тос экспортолж 277.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төсөвлөсөн нь улсын нэгдсэн төсвийн орлогын 27.6%-ийг бүрдүүлэхээр байна.
Улсын Их Хурлын 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр баталсан Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар энэ онд 28.7 сая тн нүүрс экспортлохоор төлөвлөсөн ч цар тахлын нөхцөл байдлаас улбаалан нүүрс тээвэр болон түүнээс орох орлого ч тасарч байна. Гэвч зэс, төмөр, алт, газрын тос, цайр зэрэг бүтээгдэхүүний үнийн өсөлтийн нөлөөллөөр төсвийн орлогын алдагдлыг нөхөж байна.
Эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 2021 оны эхний 9 сарын байдлаар3.4 их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс2.0 их наяд төгрөгөөр буюу 2.4 дахин өссөн байна. Энэ нь Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 31.0 хувийг бүрдүүлж байна.
Харин Монгол Улсын 2022 оны төсвийн жилд УУХҮ-ийн сайдын багцад харьяалагддаг АМГТГ нь 354.0 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ.
Үүнд:
- Газрын тосны экспортын орлогыг 277.5 тэрбум төгрөг,
- Хайгуулын, ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг 31.4 тэрбум төгрөг,
- Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөрийн орлогыг 17.5 тэрбум төгрөг,
- Сонгон шалгаруулалтын орлогыг 25.0 тэрбум төгрөг,
- Бусад орлогыг 2.6 тэрбум төгрөг.
УУХҮЯ болон харьяа АМГТГ, ҮГА-ны урсгал зардалд нийт 12.7 тэрбум төгрөг, геологи, хайгуул, судалгааны ажилд 33 тэрбум төгрөгийг, улсын төсвийн хөрөнгө оруулалтад 2.5 тэрбум төгрөг, нийт 48.2 тэрбум төгрөг төсөвлөөд байна.
УУХҮЯ нь эрдэс баялгийн нөөц болон түүний чанарыг нэмэгдүүлэх, олборлолтоос боловсруулалтад шилжих, мөн цахим шилжилтийн бодлогыг нэвтрүүлж, ил тод, нээлттэй, хариуцлагатай уул уурхайн засаглалыг бий болгох зорилгыг баримталж байна. Сүүлийн хоёр жилд геологи, хайгуул, судалгааны зардлыг үе шаттайгаар нэмэгдүүлсээр 2021 онд 27.4 тэрбум төгрөг төсөвлөж байсан бол 2022 онд 5.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 32.9 тэрбум төгрөг болгосон.
Уулзалтын үеэр сэтгүүлчид УУХҮ-ийн сайд Г.Ёндонгоос нүүрсний экспортыг нэмэгдүүлэх чиглэлд авч буй арга хэмжээний талаар тодруулав. Тэрбээр “Ковидын улмаас нүүрсний экспорт төлөвлөснөөс буурч 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 13.2 сая тн нүүрс экспортолж, гүйцэтгэл 46.2 хувьтай байна. Нүүрсний экспорт биет хэмжээгээр буурсан ч, үнийн өсөлт нь нүүрсний экспортоос бүрдүүлэх орлогын төлөвлөгөөний биелэлтэд эерэгээр нөлөөлөөд байна. 2021 оны эхний 9 сарын байдлаар нүүрс экспортлогч аж ахуйн нэгжүүдээс улсын төсөвт 657.0 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 65.8 хувийн өсөлттэй байна” гэв.