Нефтийн бүтээгдэхүүний жижиглэнгийн үнэ тогтворжлоо
Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Шатахууны бөөний худалдаанд татварын хөнгөлөлт эдлүүлдэг тогтолцоог өөрчилж, жижиглэнгийн үнийг тогтворжуулах бодлого барих” гэж заасан. Энэ ажлын хүрээнд газрын тосны бүтээгдэхүүний хангамж болон дотоод зах зээлийн жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах тодорхой ажлуудыг хийж эхлээд байна.
Уул уурхайн яам, Монголбанктай хамтран “Стратегийн бүтээгдэхүүний санхүүжилтийн схемийг нэвтрүүлэх дэд хөтөлбөр”-ийг хамтарсан тушаалаар баталлаа. Энэхүү хөтөлбөр батлагдсанаар газрын тосны жижиглэнгийн бүтээгдэхүүний импортыг Монголбанкнаас тогтоосон хүүгээр санхүүжүүлэхийн зэрэгцээ валютын ханшийн өөрчлөлтөөс хамаарах нөлөөллийг бууруулах замаар жижиглэнгийн худалдааны үнийг тогтвортой байлгах нөхцөлийг бүрдүүлэх явдал юм. “Стратегийн бүтээгдэхүүний санхүүжилтийн схем нэвтрүүлэх дэд хөтөлбөр”-ийг Уул уурхайн сайд Д.Ганхуяг УИХ-ын гишүүн байхдаа анх санаачилж байсан юм. Харин түүний энэхүү санаачилга өнөөдөр хэрэгжиж эхэллээ.
Уул уурхайн сайд Д.Ганхуяг энэхүү арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ “Монголбанк ард түмний амьжиргаанд нөлөөлдөг, гадаад улсаас 100 хувийн хамааралтай байдаг нефтийн бүтээгдэхүүний жижиглэнгийн импортыг санхүүжилтээр дэмжих, валютийн ханшийн эрсдлээс хамгаалахаар Засгийн газар, Уул уурхайн яам, аж ахуйн нэгжтэй хамтарч ажиллахаар болж байна. Монгол Улс жилдээ нэг сая тонн шатахуун импортолж авдаг. Үүний 30-40 хувь нь жижиглэнгээр борлуулагддаг. Жижиглэнгээр борлуулагддаг шатахууныг импортлоход бага хүүтэй зээлээр дэмжих юм. Дэмжих зээлийн хэмжээ 120 сая ам.доллар байна.
Харин аж ахуйн нэгжид бөөнөөр нийлүүлдэг 600 орчим тонн шатахууны тухайд татварын хөнгөлөлт үзүүлэхгүй, зах зээлийнхээ жамаар явах боломжтой. Энэ хөтөлбөр амжилттай хэрэгжээсэй гэж хүсч байна, хэрэгжих эхлэл тавигдлаа” гэлээ.