“Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурлын мэдээ
Уул уурхайн яам сар бүрийн 4 дэх долоо хоногийн Лхагва гарагт “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурлыг зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн хэвлэлийн хурлаар олон нийтийн анхаарлын төвд байгаа зарим асуудлаар мэдээлэл хийе.
Эрдэс баялгийн салбарынхан чууллаа
Уул уурхайн яамнаас “Эрдэс баялгийн салбар 2025-II” олон нийтийн хэлэлцүүлгийг хоёрдугаар сарын 13-ны өдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн 460 орчим төлөөлөгч оролцсон тус хэлэлцүүлэг “Салбарын эрх зүйн шинэчлэл”, “Өрсөлдөх чадвар ба ил тод байдал” гэсэн 2 үндсэн сэдвээр хуралдсан.
Нэгдсэн хуралдаанд Уул уурхайн сайд, Монгол Улсын сайд, Сангийн дэд сайд, Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нар илтгэл тавьж оролцлоо.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү хэлэлцүүлгээр өнгөрсөн жилийнхээ хэлэлцүүлгээс гарсан уриалгын хэрэгжилтийг дүгнэж, улмаар энэ онд хийж хэрэгжүүлэх ажлаа уриалга болгон гаргалаа.
Энэхүү уриалгад,
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг нэн тэргүүнд анхаарч ажиллахын зэрэгцээ ажиллах хүчний ур чадвар, мэргэжлийн зэрэг дэвийг дээшлүүлэх,
- Эрдэс баялгийн салбарын талаар олон нийтэд бодит мэдээлэлд үндэслэн үнэн зөвөөр хүргэх, нийгэмд зөв ойлголтыг түгээх талаар хэвлэл мэдээллийн болон мэргэжлийн холбоодтой хамтран ажиллах,
- Геологийн судалгааны ажлыг цогцоор нь иж бүрэн хийж гүйцэтгэх Үндэсний геологийн албыг олон улсын жишгээр байгуулах,
- Эдийн засгийн тулгуур салбарын хөгжлийн асуудлаар улс төржихгүй байж, бодлогын шийдвэр гаргахдаа шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгаанд суурилах, хуулийг дээдлэх зарчим баримтлах, улмаар салбарын хөгжлийн бодлогын асуудлаар улс төрийн намууд нэгдмэл байр суурьт хүрдэг байхаа олон нийтийн өмнө хамтран мэдээлэх ажлыг эрчимжүүлэх зэрэг ажлуудыг хамтран зохион байгуулахыг оролцогч талуудад хандаж уриалав.
Ирэх жил зохион байгуулах “Эрдэс баялаг 2025 III” хэлэлцүүлгээр дээрх уриалга, зөвлөмжийг дүгнэж, биелэлтийг хэлэлцэх болно.
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт орууллаа
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хоёрдугаар сарын 18-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлууллаа.
Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлд Стратегийн ач холбогдол бүхий ордуудын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох асуудлыг хуульчилсанбайдаг.
Сая батлагдсан “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль”-ийн агуулга нь тухайн стратегийн ордод төр эзэмшсэн хэмжээндээ хүртэх ногдол ашигт дүйцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг тусгай нөөц ашигласны төлбөрөөр авах сонголтыг нэмж байгаагаараа онцлог юм. Өөрөөр хэлбэл борлуулалтын орлогоос авч байгаа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/ дээр нэмж тусгай төлбөр авах тухай асуудал юм.
Тухайн төслийн хөрөнгө оруулалт, зардал өсөх болон төслийн үйл ажиллагаа сунжрах, ашигт малтмалын үнэ унаснаас болж хамтарсан компани алдагдал хүлээх зэрэг эрсдэлд төр өртөхгүй ногдол ашгаа урьдчилж авах боломжтой болох юм.Төр аж ахуйн үйл ажиллагаанд оролцохгүй зөвхөн хяналтаа тавьж ашгаа хүртэх сонголтыг хуульчилж өгч байгаа юм. Энэ хууль нь эргэж үйлчлэхгүй бөгөөд цаашид стратегийн ордуудад төр хувь эзэмших тохиолдолд дүйцүүлэн ашиглах юм
“Урт нэртэй хууль”-ийг хэрэгжүүлэх боломжтой боллоо
“Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл 2013 оны 9 дүгээр сарын 10-нд УИХ-д өргөн баригдаж энэ оны 2 дугаар сарын 18-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэн батлагдлаа.
“Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хууль 2009 оны 07 сарын 16-ны өдөр “дагаж мөрдөх журмын тухай” хуулийн хамт батлагдан гарсан. Гэвч хуулийн хязгаарлалтад орсон тусгай зөвшөөрөл бүхий талбайн хилийн шугамын будилиан, нөхөх олговорын асуудал зэрэг бэрхшээлийн улмаас уг хуулийг хэрэгжүүлж чадалгүй өдийг хүрч олон арван аж ахуйн нэгжийг хохируулахын зэрэгцээ байгаль орчны нөхөн сэргээлтийг орхигдуулсан байна.
Уул уурхайн яам “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” (цаашид “Урт нэртэй хууль” гэх) хуулийн хэрэгжилтийг хангахын төлөө хүчин чармайлт тавьж ирсэн гэдгийг тэмдэглэхийг хүсч байна. Бид энэ хуулийг хэрэгжүүлэхийн төлөө байна. Ийм ч учраас дээрхи хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан, тулгамдаад буй бэрхшээлүүдийг арилгахад байгаль орчин, аж ахуйн нэгж болон төрд учрах эрсдэл нь аль болох бага байхаар хуульчилсан болно.
Шинээр батлагдсан хуулийн гол агуулга нь гол, мөрний урсац бүрэлдэх эхэд хайгуул, ашиглалтын үйл ажиллагааг бүрэн хориглож, ойн сан бүхий газарт олгогдсон тусгай зөвшөөрлүүдийн үйл ажиллагааг Ойн тухай хуулийн дагуу 1 мод огтолбол 10-аас доошгүй мод тарих, нөхөн сэргээлт хийхээр зохицуулсан. Мөн усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг Усны тухай хуулийн дагуу усны сан бүхий газрын эргээс 200 метрээр тогтоож, “урт нэртэй хууль” батлагдахаас өмнө усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн, тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээг авч, нөхөн сэргээлт хийлгэх журмыг Засгийн газар баталж хэрэгжүүлэхээр заасан. Ингэхдээ нөхөн сэргээлтэд зарцуулах зардлыг тухайн аж ахуйн нэгж 100 хувь урьдчилан байршуулж, хэрэгжилтэд нь төр хяналт тавихаар болсон.
Ийнхүү “урт нэртэй хууль”-ийг дагаж мөрдөх журмын тухай хууль хэрэгжсэнээр “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хууль бүрэн хэрэгжих нөхцөл бүрдэж, цаашид дээрхи хуулиар хориглосон бүсэд тусгай зөвшөөрөл олгохгүй бөгөөд геологи уул уурхайн үйл ажиллагаа эрхлэхгүй болох юм. “Урт нэртэй хууль”-ийг огтхон ч хөндөөгүй, харин ч уг хуулийг хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлсэн, өөрөөр хэлбэл уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зүйл заалт өөрчлөгдсөн гэдгийг дахин онцлон тэмдэглэж хэлье.
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 176 дугаар конвенцид нэгдэн орно
Засгийн газрын 2 дугаар сарын 16-ний өдрийн хуралдаанаар “Уурхай дахь аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 176 дугаар конвенцид нэгдэн орох тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр тогтлоо.
УИХ-ын 2014 оны 18 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-д “эрдэс баялгийн салбар дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох, стандартыг олон улсын түвшинд хүргэж, хэрэгжилтийг хангах” зорилт тавьсан. Манай яамнаас хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн уул уурхайн салбар хороог байгуулж, геологи, уул уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэд хөтөлбөрийг боловсруулах, улмаар Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 82 дугаар бага хурлаар баталсан “Уурхай дахь аюулгүй байдал, эрүүл ахуйн” олон улсын хөдөлмөрийн байгууллагын 176 дугаар конвенцид нэгдэн орох асуудлыг ийнхүү хэлэлцүүлсэн.
Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажил хэвийн үргэлжилж байна
Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох үйл ажиллагааг Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр энэ оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөс эхэлсэн. Энэ хугацаанд нийт 691 аж ахуйн нэгж Ашигт малтмалын газарт бүртгүүлснээс 619 аж ахуйн нэгж VPN төхөөрөмж авсан, эдгээр аж ахуйн нэгжээс 2015 оны 2 дугаар сарын 23-ны байдлаар 285 нь системд нэвтрэх эрхээ сунгуулан цахим хэлбэрээр өргөдлийн дугаар олгох ажиллагаанд оролцсон байна.
Нийт бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдийн 642 нь дотоодын хөрөнгө оруулалттай, 39 нь гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай /БНХАУ-15, Сингапур-8, Австрали-3, Канад-3, Люксенбургийн вант улс-2, бусад-8/, 10 нь хамтарсан хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд байна.
2 дугаар сарын 9-ний өдөр хүртэл цахим хэлбэрээр 240 өргөдлийн дугаар олгосон бөгөөд үүнээс 159 өргөдлийг хүлээн авч шүүлт хийсэн. 81 цахим дугаар авсан аж ахуйн нэгжүүд цагтаа ирж өргөдлөө гаргаагүй байна.
Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн 159 өргөдлийг хүлээн авч зураг зүйн шүүлт хийхэд 120 өргөдөл гаргасан талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой тул Засаг даргын санал авахаар мэдэгдэл хүргүүлсэн, мөн 3 өргөдөл гаргасан талбай шүүхийн маргаантай байгаа тул түр хүлээж байна. Харин 36 өргөдөл гаргасан талбайн хэлбэр хэмжээ хуулийн шаардлага хангаагүй мөн өмнөх өргөдлийн талбайтай давхцалтай шалтгаанаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж аж ахуйн нэгжид мэдэгдсэн байна.
Сар шинийн баяртай холбогдуулан цахим дугаар олгох ажиллагааг нэг долоо хоног өнжөөд 2 дугаар сарын 23-ны өдөр шинээр 120 цахим дугаар олголоо. Цахим дугаарын дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч, зураг зүйн шүүлт хийж эхлээд байна.
Монгол улсын нутаг дэвсгэрийн 6.49 хувь буюу 10.2 сая га талбайд сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрлийг олгоно. Ашигт малтмалын тухай хуулийн заасан үндэслэлээр эрдсийн хуримтлалтай, тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан, дуусгавар болсон талбайд сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрөл олгоно.
Өнөөдрийн байлаар тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд эхний зарлагдах 29 талбайд орон нутгийн удирдлагаас санал авахаар албан тоотыг хүргүүлсэн. Эдгээр 29 талбайн нь Баян-Өлгий, Говь-Алтай, Өмнөговь, Ховд, Төв, Увс, Хэнтий, Завхан, Дорноговь зэрэг нийт 9 аймгийн 195840 га газар нутгийг хамарч байна.
Аймгуудын Засаг дарга нараас ирэх саналыг үндэслэн сонгон шалгаруулалт явуулах талбайг багцлан олон нийтэд зарлах болно.
Ашигт малтмалын газар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаандаа Монгол Улсын Өрсөлдөөний тухай хуулийн зүйл заалтыг огтхон ч зөрчөөгүй бөгөөд үйлчилгээний хөлсийг хуульд заасан үндэслэлээрТөрийн санд төвлөрүүлж байгаа гэдгийг энэ ялдамд хэлэх нь зүйтэй гэж үзэж байна.
106 тусгай зөвшөөрлийн талаар
“Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын дагуу 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд 5 удаагийн сонгон шалгаруулалтыг амжилттай зохион байгууллаа.
Сонгон шалгаруулалтын дүнд 18 талбайд шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон бөгөөд үүнээс 15 талбайд өмнө нь тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан аж ахуйн нэгжүүд шалгарсан байна.
Харин 5 талбайд огт санал ирүүлээгүй тул АМТХ-ийн 18, 19 дүгээр зүйлд заасны дагуу өргөдлийн журмаар олгох талбайд шилжүүлээд байна.
2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр зарласан нэр бүхий 14 талбайн сонгон шалгаруулалтад аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн саналыг үнэлгээний комисс үнэлэх ажлыг хийж байна.
Шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон сонгон шалгаруулалт явуулах боломжтой гэж үзэж байгаа 88 талбайн давхцалгүй 45 талбайгаас 33 талбайд, давхцалтай 43 талбайгаас 7 талбайн давхцалыг нь арилгуулан босго үнийг баталгаажуулан нийт 40 талбайд сонгон шалгаруулалтыг явуулж байна.
Уул уурхайн сайдын багцын орлогын гүйцэтгэл
Уул уурхайн сайдын багцын орлогын гүйцэтгэлийг авч үзвэл 2015 оны 1 дүгээр сарын байдлаар Ашигт малтмалын газар нийт 4.7 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн.
Үүнээс ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 3.6 тэрбум төгрөг, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 83.1 сая төгрөг, бусад орлого 934 сая төгрөг байна.
Газрын тосны газар нийт 14.8 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн. Үүнээс газрын тосны орлого 14.7 тэрбум төгрөг, бусад орлого 60.5сая төгрөг байна.
Игэснээр уул уурхайн сайдын багцын хэмжээнд улсын төсөвт 19.5 тэрбум төгрөг төвлөрүүлсэн.
Шатахууны ердийн хэрэглээний 44 хоногийн нөөцтэй байна
2015 оны 2 дугаар сарын 22-ны байдлаар 1.17 сая баррель газрын тос олборлож 1.09 баррель газрын тос экспортолсон байна.
2015 оны 02 дугаар сарын 24-ний байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 44 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 60, Аи-92 автобензин 52, дизелийн түлш 48, ТС-1 14 хоногийн нөөцтэй байна