Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам 100 хоногт

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам 100 хоногт

Монгол Улсын Засгийн газар байгууллагдсанаас хойшхи 100 хоногийн хугацаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан салбарын зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр дараах ажлуудыг гүйцэтгээд байна.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТААТАЙ ОРЧИН БҮРДҮҮЛЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА

          Улс төр, эрх зүйн тогтвортой байдал, мэргэжлийн Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг танилцуулж, гадаадын хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх зорилгоор УУХҮ-ийн сайд Ц.Дашдорж гадаадын хөрөнгө оруулагчид, дипломат төлөөлөгчидтэй уулзав.

          100 хоногийн хугацаанд АНУ, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, Франц, Чех, БНХАУ-ын элчин сайд нар, Франц, Канадын сенатор болон Азийн хөгжлийн банк, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк, Европын сэргээн босголтын банк, Герман-Монголын бизнес эрхлэгчдийн холбоо, БНХАУ-ын төмөрлөгийн холбоо, Японы ардын дипломатын нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч, санал бодлоо солилцсон байна.

          Мөн салбарынхаа байдалтай танилцаж, бодлого, үйл ажиллагаагаа уялдуулах зорилгоор “Оюутолгой”, “Арева Майнс”, “Шивээ энержи” төсөл, “Петро Чайна Дачин Тамсаг”, “Смарт Ойл инвестмент” зэрэг компани, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци зэрэг мэргэжлийн холбоодын удирдлагуудтай уулзав.

ЯПОНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД ТОМООХОН ТӨСЛҮҮДЭЭ ТАНИЛЦУУЛАВ

          Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Япон Улсад хийсэн албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд дэд сайд Х.Бадамсүрэн ажиллаж Японы хөрөнгө оруулагчдад эрдэс баялгийн салбарын эрх зүйн орчин, өнөөгийн байдал, 2016-2020 онд уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн чиглэлээр хэрэгжүүлэх томоохон төслүүдийн талаар танилцууллаа.

“УРТ НЭРТЭЙ” ХУУЛИЙН ХИЛИЙН БҮСИЙН МЭДЭЭЛЛИЙГ ЦЭГЦЭЛЛЭЭ

          Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд орсон нүүрсний ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн талбайд ногдох нөөцийн мэдээллийг нэгтгэн боловсруулав.

          Мөн уг хуулийн хилийн бүсэд давхцал бүхий хүчин төгөлдөр ашиглалт, хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн жагсаалт болон бүсчилсэн зургийг бэлтгэн гаргав.

УУРХАЙНУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ГАЗАР ДЭЭР НЬ ТАНИЛЦАВ

          Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй зарим уурхай, уулын үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж мэргэжил арга зүйн зөвлөгөө, зөвлөмж өгснөөс гадна тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх, цаашид авах арга хэмжээний талаар санал дүгнэлт боловсруулав.

          Томилолтын дараагаар Өмнөговь аймгийн Тавантолгой, Нарийнсухайтын бүлэг ордоос нүүрс олборлох асуудлыг дэд бүтэцтэй нь уялдуулан иж бүрнээр шийдвэрлэж, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн тогтоолын төсөл боловсрууллаа.

ОЛБОРЛОХ САЛБАРЫН МЕНЕЖМЕНТИЙГ БЭХЖҮҮЛЖ БАЙНА

         Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам Канад Улсын Засгийн газартай хамтран “Монгол Улсын Олборлох салбарын менежментийг бэхжүүлэх” төслийг уул уурхайн салбарт хэрэгжүүлж эхэллээ. Төсөл нь 2016-2020 оны хооронд Канадын Засгийн газрын 8,4 сая долларын санхүүжилтаар хэрэгжинэ. Уг төсөл хэрэгжсэнээр уул уурхайн салбарт тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой.

НҮБ-ЫН НӨӨЦИЙН АНГИЛЛЫН ОЛОН УЛСЫН СУРГАЛТ МОНГОЛД БОЛОВ

          “Цацраг идэвхт ашигт малтмал, нүүрс, газрын тос болон байгалийн хийн нөөцийн ангилал” сэдэвт олон улсын сургалтыг Олон улсын цөмийн энергийн агентлаг (IAEA) болон Европ дахь НҮБ-ын эдийн засгийн хороо (UNECE)-той хамтран зохион байгуулсан бөгөөд сургалтад 38 орны 50 гаруй төлөөлөгч оролцов.

          Манай улс геологийн  салбарын олон улсын түвшний сургалт семинарыг анх удаа зохион байгуулсан нь онцлог үйл явдал болсон. Уул уурхайн дээрх бүтээгдэхүүний ангилал, стандартыг бий болгосноор экспортын бүтээгдэхүүний үнэ, үнэлгээг үнэн зөв гаргах улмаар экспортын бүтээгдэхүүний шинэ нэр төрөл бий болж гадаад валютын урсгал нэмэгдэх юм.

ГЕОЛОГИЙН СУДАЛГААНЫ АЖИЛД УЛСЫН ТӨСВӨӨС 8,2 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛЛАА

         Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтуудыг ханган ажиллах зорилгоор 2016 онд үргэлжлэх 39 төсөл, геологийн 1:50000-ны масштабын зураглал, ерөнхий эрлийн ажлын 10 төсөл, Улсын геологийн 1:200000-ны масштабын иж бүрдэл зургийн нэгтгэлийн 1 төсөл, агаарын геофизикийн 1 төсөл, нийт 12 төслийг шинээр эхлүүлэх, нийтдээ 51 төслийн ажлыг хэрэгжүүлж байна.

          Геологийн региональ судалгааны ажлыг зөвхөн улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа бөгөөд энэ ажилд 2016 онд 9.3 тэрбум төгрөг зарцуулахаар УИХ-аас баталж өнөөдрийн байдлаар 8.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгоод байна.

ЧЕХИЙН ГЕОЛОГИЧИД ТАЙЛАНГАА ӨГӨВ

          Бүгд Найрамдах Чех Улстай хамтран ажиллах гэрээний дагуу баруун Монголын дүүрэгт хийгдсэн “Монгол Алтай-50 төслийн 1:50000-ны масштабтай геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил” төслийн ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн Чехийн талаас холбогдох тайлан, хавсралт материалуудыг хүлээн авлаа.

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ЧУУЛГАН 14 ДЭХ ЖИЛДЭЭ БОЛОВ

          “Дисковер Монголиа-2016” Олон улсын уул уурхайн чуулга уулзалтыг Монголын уул уурхайн үндэсний ассоциацитай хамтран зохион байгуулж, Засгийн газраас 2016-2020 онд эрдэс баялгийн салбарт хэрэгжүүлэх арга хэмжээний талаар төлөөлөгчдөд танилцууллаа.

          “Тогтвортой байдлын төлөө” уриан дор болсон “Дисковер Монголиа-2016" чуулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ УУХҮ-ийн сайд Ц.Дашдорж “Суперциклийн үед бодлого, эрх зүйн тогтвортой байдлыг алдагдуулсан олон эрх зүйн актууд ар араасаа батлагдан гарсанаар гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад ойлгомжгүй байдал, хүлээлтийг бий болголоо. Тэгвэл ирэх жилүүдэд уул уурхайн салбарын бодлого нь судалгаа, шинжилгээнд суурилан, хөрөнгө оруулалтын тогтвортой орчныг бүрдүүлэхийн төлөө Монгол Улсын Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам ажиллах болно” гэв.

ШИНЭЭР 13 УУЛЫН ҮЙЛДВЭРИЙГ БАЙНГЫН АЖИЛЛАГААНД ХҮЛЭЭН АВЛАА

          Төв, Булган, Сүхбаатар, Дорнод, Баянхонгор, Сэлэнгэ, Дундговь аймгуудын нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа эхлүүлэх хүсэлт гаргасан аж ахуйн нэгжүүдийн эзэмшиж буй ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай дахь алтны 9, жоншны 2, шохойн чулууны 2 уурхайг “Ашигт малтмалын тухай” хуулийн 35.4 дэх хэсэгт заасны дагуу Улсын комисс ажиллаж байнгын ажиллагаанд хүлээн авлаа. Дээрх уулын үйлдвэрүүд шинээр ашиглалтанд орсноор 683 ажлын байр шинээр бий болж, 18 орчим тэрбум төгрөгний  хөрөнгө оруулалт хийгдснээр улс, орон нутгийн төсөвт орох орлого нэмэгдэх боломж бүрдлээ.

ТЭСЭРЧ ДЭЛБЭРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЛИЙН ЭРГЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИВ

          “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай” хуулийн хэрэгжилтийн хүрээнд “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтийн асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам, бүрэлдэхүүн батлах тухай” УУХҮ-ийн сайдын тушаал гаргав.

          Зөвлөлийн хуралдаанаар 3 аж ахуйн нэгжийн аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг сунгаж, 17 аж ахуйн нэгжийн хугацаа нь дууссан тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна. Мөн хуулийн 6 дугаар зүйлийг үндэслэн 6 аж ахуйн нэгжийн тэсрэх материалын агуулахын аюулгүйн бүс тогтоох ажлын хэсгийг ажиллууллаа.

“ЭРГЭЛ XII” ТАЛБАЙД БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААХ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

          Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 53 дугаар тогтоолыг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газар болон БНХАУ-ын  “Smart Oil Investment Ltd” компанийн хооронд газрын тосны хайгуулын “Эргэл ХII” талбайд  Бүтээгдэхүүн хуваах гэрээг 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр байгуулав.

          “Smart Oil Investment Ltd” нь хайгуулын “Эргэл XII” талбайд хайгуулын 8 жилийн хугацаанд геологи, хүндийн хүч болон соронзон хайгуул, 1000 тууш км 2 хэмжээст, 100 кв.км талбайд 3 хэмжээст чичирхийллийн судалгаа хийж, хайгуул, үнэлгээний 8 цооног өрөмдөж, хайгуулын ажилд 35,5 сая ам.доллар зарцуулах юм. Хайгуулын “Эргэл XII”  талбай  нь Дорноговь аймгийн  Хатанбулаг, Хөвсгөл,  Мандах сумдыг хамарсан нийт 11630 км.кв хэмжээтэй юм.

ГАДААДЫН 990 АЖИЛЛАХ ХҮЧИНД ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОВ

          Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 54 дүгээр тогтоолоор Дорнод аймгийн Тамсагийн сав газрын XIX, XXI  гэрээт талбайд газрын тосны ашиглалт явуулж буй “Петрочайна Дачин тамсаг” ХХК-ийн 990 ажилтанд 2016 онд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг олгосон. Ингэснээр тус компани нь 2016 онд батлагдсан хөтөлбөр, төсвийн дагуу гүйцэтгэх ажлыг эхлүүлэх боломжтой боллоо.

“ТОСОН-УУЛ XIX”-ЫН ТАЛБАЙН ЗАРИМ БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙГ АШИГЛАЛТАД АВЛАА

          Ашигт малтмал, газрын тосны газар, “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-аас гаргасан хүсэлтийн дагуу УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/55 дугаар тушаалаар газрын тосны “Тосон-Уул XIX” талбайн зарим барилга, байгууламжуудыг байнгын ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнийг томилон ажиллууллаа.

          Комиссын бүрэлдэхүүн 2016 оны 10 дугаар сарын 09-14-ний өдрүүдэд Дорнод аймгийн Матад сумын нутагт орших “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн Бүтээгдэхүүн хуваах гэрээт “Тосон-Уул XIX” талбайд газрын тосны зарим барилга, байгууламжийг ашиглалтад авах асуудлаар ажиллаж, байнгын ашиглалтад авлаа. Ингэснээр “Тосон-Уул XIX” талбайн газрын тосны олборлолт, экспортын үйл ажиллагаа хэвийн явагдаж, цаашид улсын төсөвт оруулах орлогыг тасалдуулахгүй байх нөхцлийг хангах юм.

ШАТАХУУНЫ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫГ БУУРУУЛЛАА

          Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 3-ны өдрийн 15 дугаар тогтоолоор байгуулагдсан “Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөл”-ийн анхдугаар хуралдааныг 09 дүгээр сарын 30-нд УУХҮЯ-ны хурлын танхимд зохион байгуулав.

          Хуралдаанаар “Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн өнөөгийн байдал”, “Шатахууны жижиглэнгийн үнийг тогтворжуулах боломж, хувилбар”-ын талаар хэлэлцүүлэг хийж, гишүүдийн саналыг нэгтгэн гаргаж, “Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, гадаад зах зээлээс худалдан авч буй шатахууны импортын үнэ өсч байгаатай холбогдуулан, дотоодод борлуулж буй шатахууны жижиглэнгийн үнийг нэмэгдүүлэхгүйгээр автобензин, дизель түлшний онцгой албан татварын хэмжээг бууруулан оновчтойгоор тогтоон зохицуулах” зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлэв.

          Үүний үр дүнд Засгийн газрын ээлжит хуралдаан 2016 оны 10 дугаар сарын 05-нд болж 109 дүгээр тогтоолыг батлан дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулаг боомтоор оруулж ирэх автобензинд ногдуулах онцгой албан татварыг тонн тутамд 260 мянга, дизелийн түлшинд тонн тутамд 280 мянга, Эрээнцаваар оруулж ирэх автобензинд тонн тутамд 130 мянга, дизелийн түлшинд тонн тутамд 150 мянган төгрөг байхаар буулган тогтоож, дотоодын зах зээлд борлуулж байгаа автобензин, дизелийн түлшний жижиглэнгийн борлуулалтын үнийг тогтвортой байлгах арга хэмжээ авч, хяналт тавьж байхыг УУХҮ-ийн сайд Ц.Дашдоржид даалгав.

ШАТАХУУНЫ НӨӨЦ, ХАНГАМЖИД ХЯНАЛТ ТАВИН АЖИЛЛАЖ БАЙНА

          Газрын тосны бүтээгдэхүүний тухай” хууль, Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 126 дугаар тогтоолоор батлагдсан “Газрын тосны бүтээгдэхүүн импортоор оруулж, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлж байгаа компанийн нөөц бүрдүүлэх журам” болон Засгийн газрын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийн хэмжээг шинэчлэн тогтоох, шатахууны нөөцийн талаар авах арга хэмжээний тухай” 412 дугаар тогтоолын дагуу 2016 онд газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөц бүрдүүлэх 16 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ, байршлыг тодорхой болгон компани тус бүрээр нэгтгэн хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна. 2016 онд шатахууны нөөц 30 хоног буюу 84,720 тонноос доошгүй хэмжээнд байв.

           “2017 онд Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийн хэмжээг шинэчлэн тогтоох, шатахууны нөөцийн талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлэн болгоод байна.

ШАТАХУУНЫ ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ СТАНДАРТЫГ БОЛОВСРУУЛЖ БАЙНА

          Улаанбаатар хот болон томоохон суурин газруудад 2017 оноос шатахууны чанарыг Евро-4 стандартад шилжүүлэхээр төлөвлөн Монгол Улсад импортлон хэрэглэж байгаа газрын тосны бүтээгдэхүүний чанарт хяналт, шинжилгээ хийх Евро-4, Евро-5 жишигт нийцсэн MNS стандартыг боловсруулах ажил хийгдэж байна.

ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ТӨСЛИЙН НЭГЖҮҮДИЙГ БАЙГУУЛАХ ШИЙДВЭР ГАРАВ

          Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан бүтээнэ байгуулалтын томоохон төслийг хэрэгжүүлэх зорилгоор "Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр", "Нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэр" барих төслийн нэгж байгуулах, санхүүжилтийг шийдвэрлэх тухай 2016 оны 09 дүгээр сарын 28 –ны өдрийн Засгийн газрын 107 дугаар тогтоол батлуулав.

          “Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр"-ийн төслийн нэгж нь "Эрдэнэт үйлдвэр" ХХК-тай байгуулсан гэрээний дагуу дагалдах үйлдвэрийн судалгааны ажлын тайланг дуусгаж, тайланг хүлээлгэн өгөв.Харин “Нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэр”-ийн урьдчилсан ТЭЗҮ-ийг гүйцэтгэж байгаа БНХАУ-ын “Wuhuan Engineering” Co.Ltd болон Монголын “Гранд повер” ХХК-иуд зөвлөх үйлчилгээний ажлын эцсийн тайланг 2017 оны 04 дүгээр сард, Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн ерөнхий үнэлгээний зөвлөх үйлчилгээний эцсийн тайланг 2017 оны 05 дугаар сард хүлээн авах юм.

          Мөн газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажлын хүрээнд Засгийн газарт газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн нэгж байгуулах асуудлыг танилцуулж, чиглэл аван ажиллаж байна.

ХАР ТӨМӨРЛӨГИЙН ЦОГЦОЛБОРЫН ТЭЗҮ ХИЙГДЭЖ БАЙНА

          Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа “Дархан-Сэлэнгийн төвийн бүсэд Хар төмөрлөгийн цогцолборыг дэд бүтцийн хамт байгуулах төсөл” болон “Нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэрийн төсөл”-ийн Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах болон Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийх Зөвлөх компаниудын ажлын тайлан, гүйцэтгэлд хяналт тавих, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

ТАВАН ТОЛГОЙН ГЭРЭЭГ СУДАЛЛАА

         Тавантолгойн ордыг ашиглахтай холбогдуулан өмнөх Засгийн газар, УИХ-ын  үед хэлэлцэгдэж байсан гэрээ, хэлэлцээрийн төсөл болон холбогдох тооцоо судалгааг нягтлан цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулж байна.

         Тавантолгойн төсөлтэй холбоотой гэрээ, хэлэлцээрийг 2016 онд багтаан дуусгаж, төслийг бүхэлд нь 2017 онд хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөж байна.

ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧИДТЭЙ УУЛЗАВ

         Засгийн газраас хүнд үйлдвэрийн салбарт цаашид баримтлах бодлого, эрх зүйн орчны шинэчлэл, хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөх, харилцан санал солилцох, хамтран ажиллах зөвлөлдөх уулзалтыг 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл болон хүнд үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзалт зохион байгуулав.          

          Түүнчлэн хүнд үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны түвшин тогтоох зорилгоор 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийг хамруулан судалгаа хийж, мэдээллийн сан үүсгэн шинэчилэн бүртгэв. Мөн хүнд үйлдвэрийн салбарын инженерүүдэд мэргэшсэн болон зөвлөх инженерийн зэрэг олгох журмын төслийг шинэчлэн батлав. 

ӨРГӨДЛИЙГ ОНЛАЙНААР БҮРТГЭХ БОЛОМЖ САЙЖИРНА

          Хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгох ажлыг оновчтой зохион байгуулах зорилтын хүрээнд “Ашигт малтмалын газрын эрдэс баялгийн эдийн засгийн чадамжийг дээшлүүлэх төсөл”-тэй хамтран уул уурхайн компьютержсэн кадастрын системийг сайжруулах ажлыг хийж байна. Төслийн үр дүнд өргөдлийг онлайн хэлбэрээр бүртгэх боломж сайжрах юм.

АШИГТ МАЛТМАЛЫН ТӨРЛҮҮДЭЭР ХӨТӨЛБӨРИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАВ

          Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд “Нүүрс”, “Зэс”, “Алт” “Төмөр”, “Жонш” хөтөлбөрүүдийн төслийг боловсруулав.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Ашигт малтмал, газрын тосны газар