Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Байнгын хороонд танилцуулга хийв

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Байнгын хороонд танилцуулга хийв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороодын гишүүдийн хүсэлтийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл, газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн явц, цаашдын чиг хандлага гэсэн гурван чиглэлээр мэдээлэл хийж буйгаа УУХҮ-ийн сайд Ц.Дашдорж онцлов. Хайгуулын тусгай зөвшөөрлийг 2015 оны нэгдүгээр сараас эхлэн нийт 37 удаа цахим хэлбэрээр 3915 дугаар олгож, 2335 өргөдөл хянан шийдвэрлэсэн байна. Бүртгэсэн нийт өргөдлийн талбайн хэмжээ нь 13.26 сая гектар байгаа нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор нийтэд зарласан 20.9 сая гектар талбайн 63.44 хувийг эзэлж байгаа аж. Энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар хайгуулын 2142 ш, ашиглалтын 1564 ш тусгай зөвшөөрөл байгаа. Энэ нь 14.7 сая гектар буюу Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 9.4 хувийг эзэлж байгаа юм байна.

Монгол Улсын хэмжээнд газрын тосны хайгуулын 32 талбай ялгаснаас 2016 оны есдүгээр сарын 12-ны өдрийн байдлаар нэг талбайн бүтээгдэхүүн хуваах гэрээ дуусгавар болж, нэг талбайн бүтээгдэхүүн хуваах гэрээ цуцлагдсан, 22 талбайд 19 компани бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулж байгааг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд танилцуулав. Үргэлжлүүлэн тэрбээр газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл болон газрын тосны ашиглалт, олборлолтын талаар Эдийн засгийн байнгын хорооны гишүүдэд дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Мэдээллийнхээ төгсгөлд тэрбээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн явц, цаашдын чиг хандлагын талаар танилцууллаа. Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь жилд 16 сая тонн зэс молибдений хүдэр боловсруулах хүчин чадалтайгаар 1978 онд ашиглалтад орсон. Өнөөдрийг хүртэл үйлдвэрлэлийн техник, технологийг шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээг байнга авч хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд 2014 оны гүйцэтгэлээр жилд 26 сая тонн хүдэр боловсруулсан нь төслийн хүчин чадлаа 1.6 дахин нэмэгдүүлсэн үзүүлэлт аж. Тус үйлдвэрийн хүдэр боловсруулалтын хүчин чадал өнөөдрийн байдлаар 32 сая тоннд хүрсэн болохыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж танилцуулаад, Эрдэнэтийн овооны зэс, молибдений ордын одоогийн нөөцийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн юм.