“Петрочайна Дачин Тамсаг Монгол” ХХК-ийн төлөөлөлтэй уулзав

“Петрочайна Дачин Тамсаг Монгол” ХХК-ийн төлөөлөлтэй уулзав

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр БНХАУ-ын Дачин Ойлфийлд компанийн дэд захирал, “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Жан Веншенг тэргүүтэй төлөөлөгчдийг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд тус компанийн 2016 онд хийж гүйцэтгэсэн ажил, тулгамдаад буй асуудлууд болон 2017 оны төлөвлөгөөгөө танилцуулав. Тус компани Дорнод аймгийн нутаг дахь Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайд газрын тосны ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2016 онд 300 сая ам долларын хөрөнгө оруулалт хийж 1,3 сая тонн газрын тос олборлохоор төлөвлөснөөс 250 гаруй сая ам долларын хөрөнгө оруулалт хийж, 12 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар 1,0 сая тонн газрын тос олборлон экспортлож, Монгол улсын хуваарьт тосны орлогоор төсөвт 100 гаруй тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулаад байгаа билээ. Энэ жилийн хувьд ажиллах хүчний зөвшөөрөл оройтож шийдэгдсэнтэй холбоотойгоор хөрөнгө оруулалт болон олборлолтын хэмжээ тодорхой хэмжээгээр буурсан байна.

Харин 2017 онд 400 орчим сая ам долларын хөрөнгө оруулалт хийж 1,1 сая тонн газрын тос олборлохоор төлөвлөөд байгаа ба энэ төлөвлөгөөгөө биелүүлэхэд дутагдаж буй эрчим хүчний асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлага тулгараад байгааг онцлов. Мөн 2017 оны хөтөлбөр, төсвийг батлах, ажиллах хүчний зөвшөөрөл болон холбогдох зөвшөөрлүүдийг хугацаа алдахгүй шийдвэрлэх, харилцан уялдаатай хамтран ажиллах, дэмжлэг туслалцаа үзүүлэхийг хүслээ.

УУХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал хүрэлцэн ирж ажил байдлаа танилцуулсанд талархал дэвшүүлээд, бүхний тавьсан санал хүсэлтийг хуулийн хүрээнд бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.