Ашигт малтмал, газрын тосны газрынхан “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ”-тэй ярилцлаа
“Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төслийн сургалтын хаалтын семинарын “Мэдээлллийн цаг” хөтөлбөрт Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Баатарцогт, Геологи хайгуулын хэлтсийн дарга Д.Алтанхуяг, Кадастрын хэлтсийн дарга Д.Мөнхтамир нар оролцон, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.
Дорноговь аймгийн “Д медиа” агентлагийн сэтгүүлч З.Энхзул:
Монгол улс нэг сая тонн газрын тос олборлож, экспортолж байгаа тухай Б.Баатарцогт дарга илтгэлдээ дурдлаа. Ер нь газрын тосны нөөцүүд хаагуур байдаг вэ? Дорноговь аймагт “Доншен газрын тос Монгол” компани Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу (БХГ) газрын тосны олборлолт явуулдаг. Миний олж авсан мэдээллээр бол 1998 оноос хойш тус компанитай байгуулсан БХГ-нд өөрчлөлт ороогүй гэдэг. 120 хүнийг ажлын байраар хангасан гэдгээс өөр энэ компанийн үйл ажиллагаанаас орон нутагт наалдаж үлдсэн юм байдаггүй. Мөн сүүлд Хатанбулаг суманд газрын тосны хайгуулын “Эргэл-12” талбай дээр БХГ байгуулсан. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
АМГТГ-ын дарга Б.Баатарцогт:
Монгол улсын хэмжээнд гурван талбай дээр газрын тосны олборлолт явагдаж байна. Тодруулбал, “Петрочайна Дачин Тамсаг” компани Дорнод аймгийн Тамсагбулагт хоёр, Дорноговь аймагт “Доншен газрын тос Монгол” компани нэг талбай дээр газрын тосны олборлолт хийж байгаа.
Олборлолтын хэмжээг бүхэлд нь харах юм бол Дорнодын Тамсагаас 900 гаруй мянган тонн буюу 90%-ийг, Дорноговиос 5-7%-ийг олборлож байна. Дорноговийн хувьд олборлолтын хэмжээ бага байгааг нэмэгдүүлэх чиглэлээр компанитай нь ярилцаж байгаа.
БХГ нь нэг талаас Монгол улсын Засгийн газар, нөгөө талаас гэрээлэгч буюу хөрөнгө оруулагч компанийн хооронд байгуулдаг хамтарсан гэрээ. “Эргэл-12” талбай дээр энэ жил БХГ байгуулж, ирэх зургаан жилийн хугацаанд 35 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хайгуул хийх нөхцөлөөр хоёр тал гарын үсэг зурсан. Гэрээг энэ жилээс хэрэгжүүлж эхлээд байна.
БХГ-ний үндсэн нөхцөл нь хэвээрээ ч 2014 онд Газрын тосны тухай хуульд орсон өөрчлөлтийн дагуу 5-15%-ийн роялти тооцож авдаг болсон. Тиймээс “Петрочайна Дачин Тамсаг”, “Доншен газрын тос Монгол” компаниудын хувьд БХГ-г өөрчлөх ажлыг эхлүүлээд байна. Ингэснээр нэгдүгээрт, хуулийн дагуу роялти тооцогдоно, хоёрдугаарт үйл ажиллагааны зардлынх нь дээд хязгаар тавигдана.
БХГ-ий загварт нэлээд өөрчлөлт орсон учраас загварт нийцүүлэх шаардлагыг дээрх хоёр компанид тавьж байгаа. Ер нь БХГ-ий нөхцөл дээр орон нутгийг дэмжих, хөрөнгө оруулалт хийх заалт харилцан адилгүй тусгагдсан байдаг.
Геологи хайгуулын хэлтсийн дарга Д.Алтанхуяг:
Дорноговь аймгийн хувьд газрын тосны БХГ-тэй нэлээд олон талбай бий. Зүүн талын нэлээд хэдэн сумдад үйл ажиллагаа явуулж байсан компаниудын хайгуул бүрэн зогссон. Байгаль орчны холбогдолтой болон шүүхийн маргаантай асуудлууд гарч байгаа тул эдгээр талбайг төрийн мэдэлд авах эсэх талаар яригдаж байна. Өмнөговь аймагтай залгаа нутаг дахь талбайнуудаас газрын тос илэрсэн. Наашлаад Дорноговийн нэг жижигхэн талбайн илүү гарсан хэсэгт хуваарилалт хийгээд, орон нутагт орох төсөв хөрөнгийн асуудлыг компаниудтай нь ярилцсан.
Саяхан энэ чиглэлээр орон нутагт тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй холбоотой томоохон уулзалт боллоо. Миний мэдэж байгаагаар, шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш орон нутагт хийсэн хамгийн анхны уулзалт энэ болж байх шиг байна.
БХГ байгуулсан хайгуулын болон эрлийн талбайнууд дахь үйл ажиллагаа санхүүгийн хүндрэлээс шалтгаалан зогсчихоод байгаа. Өнөөдрийн байдлаар, Монгол улсын хэмжээнд Өмнөговь аймагт хайгуулын зориулалттай ганцхан цооног өрөмдөж байна.
Өмнөговь аймгийн сэтгүүлч Н.Энхцэцэг:
Өмнөговь бол хайгуулын тусгай зөвшөөрөл хамгийн ихээр олгогдсон аймаг. Ер нь аймгийн хэмжээнд хайгуул болон ашиглалтын албан ёсны хэдэн тусгай зөвшөөрөл байна вэ? Тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа компаниуд орон нутагт үйл ажиллагаа явуулж байхдаа нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй байнга тулгардаг. Орон нутаг дахь иймэрхүү эсэргүүцэл зөрчлийн талаар танай газар судалгаа явуулдаг уу?
Кадастрын хэлтсийн дарга Д.Мөнхтамир:
Өмнөговь аймгийн хэмжээнд 523 га-д ашиглалтын 91 тусгай зөвшөөрөл, 1836 га-д хайгуулын 170 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна. Тусгай зөвшөөрлийг олгохдоо Ашигт малтмалын тухай хуулийн дагуу орон нутгаас санал авдаг. Уг саналаа Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Засаг даргын дэмжсэн болон дэмжээгүй гэсэн албан бичгээр манай байгууллагад ирүүлдэг. Судалгаа хийж үзэхэд 2015 оны нэгдүгээр сараас хойш 2000 тусгай зөвшөөрлийн өргөдлийн бүртгэл хийгдсэн байна. Үүний 500 гаруйг орон нутаг дэмжсэн. Орон нутаг 30 хоногийн дотор хариу ирүүлэхгүй бол дэмжсэнд тооцно гэсэн хуулийн заалттай. Гэтэл хариугаа ирүүлэлгүй, хугацаа хэтэрсэн тохиолдлууд нэлээд бий.
Манай байгууллага өргөдлөөр олгогдох боломжит талбайнуудыг тодорхойлдог. Ингэхдээ улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээ, түүхийн дурсгалт газрууд зэрэг хамгаалалтын бүсүүдийн зураглалыг гаргаад, үлдсэн хоосон талбайг өргөдлийн тусгай зөвшөөрөл авах боломжит талбай гэж үздэг. Монгол улсын хэмжээнд ийм талбай нийт нутаг дэвсгэрийн 30 орчим хувийг эзэлдэг.
Орон нутгийн иргэд эсэргүүцээд байвал яах вэ?
Ийм эсэргүүцэл их гардаг. Монгол улсын лиценз олголтын зарчим нь хэн түрүүлж өргөдлөө өгсөн нь тусгай зөвшөөрөл авах хуулиар тодорхойлсон харилцаатай. Судалгаанаас үзэхэд иргэдийн өвөлжөө, хаваржаа, бэлчээрийн газартай холбоотой маргаан дийлэнх хувийг эзэлдэг. Ийм тохиолдолд тухайн өвөлжөө, хаваржааг нүүлгэх зардлыг хоёр тал тохиролцож шилжүүлнэ. Дараа нь уг газрыг буцааж өгөхдөө өмнө хэрэглэж байсан газрын төлөв байдалд оруулна гэсэн хуулийн заалттай. Мэдээж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас баталсан нөхөн сэргээлтийн таван стандартын дагуу аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан комисст хүлээлгэж өгөх ёстой.
Хуульд хоёр талын эрх үүргийг тэгш тусгасан ч хэрэгжилт хангалтгүй байгаа. Хуулийн дагуу хариуцлагатай ажиллаж чадахгүй байгаа аж ахуйн нэгжүүд ч байна, стандартын дагуу хүлээж авахгүй байгаа Засаг дарга ч нар ч бий. Иймэрхүү хариуцлагагүй байдлаас шалтгаалаад үл ойлголцол, маргаан гарах нь түгээмэл. Өнөөдөр уул уурхайн салбарт 36 хууль, 300 гаруй дүрэм журам, стандарт мөрдөгддөг.
Тухайн компани нөлөөлөлд өртсөн бүсийн иргэдэд нөхөн олговрын мөнгө өгөх байдлаар асуудлыг шийддэг. Үүнийг авдаг нь ч бий, авдаггүй ч хүмүүс бий. “Оюутолгой” компани гэхэд уурхайн орчмын айлуудаа бэлчээртэй болгож, өвөлжөө хаваржааг нь барьж өгсөн байдаг?
Энэ бол нөлөөлөлд өртсөн айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, өвөлжөө, хаваржааг нь барьж өгөх гэх мэтчлэн Ашигт малтмалын тухай хуулийн зүйл заалтууд хэрэгжиж байгаа хэлбэр. Бусад компани ийм үйл ажиллагаа явуулахгүй байгаа нь хуулиа, орон нутагтай байгуулсан гэрээгээ мэдэхгүй байгаатай холбоотой.
Нэг зүйлийг онцолж хэлэхэд, хайгуул хийнэ гэдэг нь тухайн талбайг эвдэж, олборлолт явуулахын нэр биш. Тусгай зөвшөөрөл авсан л бол шууд олборлоод эхлэх нь гэсэн буруу ойлголт иргэдэд түгээмэл байдаг. Хайгуулын тусгай зөвшөөрөл том талбай хамардаг. Хайгуулаас ашиглалт руу шилжихдээ талбай нь багасаад явдаг.
Увс аймгийн сэтгүүлч Х.Анхбаяр:
Увс аймагт сүүлийн дөрвөн жилд газрын тосны эрэл, хайгуулын ажил их хийгдэж байна. Ялангуяа Зүүнговь, Малчин сумдад өрөмдлөг хийгдсэн. Мөн Тэс сумын Нарийний голд газрын тосны нөөц илэрсэн мэдээлэл гарсан. Гэтэл иргэдийн зүгээс энэ нь ихээхэн эсэргүүцэлтэй тулгарч байна. Хоёрдугаарт, Зүүнговь сумын Өгөөмөр багт цагаан алтны нөөц илэрсэн тухай мэдээлэл гарахад аймгийн удирдлагууд газар дээр нь очоод иргэдээ битгий эсэргүүцээрэй, энэ баялгаа ашиглавал орон нутагт хэрэгтэй гэсэн ухуулга хийгээд явж байсан тал бий. Энэ талаар юу хэлэх вэ?
Геологи хайгуулын хэлтсийн дарга Д.Алтанхуяг:
Монгол орны хэмжээнд Их нууруудын хотгор буюу говийн бүс, Дорноговь, Дорнод хүртэлх газрыг давхцмал хотгор гэж үздэг. Өөрөөр хэлбэл, харьцангуй хожуу үе буюу гурваас дөрвөн километр хүртэлх хурдсын газрын тос агуулах боломжтой талбай юм. Үүний нэг нь хурдсын зузаанаараа алдартай Увс нуурын хотгор.
Үйл ажиллагаа явуулж байгаад татан буугдсан компанийн тухайд гэвэл сансраас судалгааны ажил хийгээд, үүнийхээ үр дүнд хоёр цооног өрөмдсөн. Гэхдээ хоёр цооногоос ямар нэгэн тосны илэрц гараагүй. Тиймээс чичирхийллийн аргаар судалгаа хийх гэж очсон. Чичирхийллийн аргаар газрын гүн рүү хүчтэй цохилтоор долгион өгөөд, газрын гүний ерөнхий тогтцыг гаргаж ирдэг. Газрын тос агуулсан хурдас нь их зузаан тул том оврын машин техникүүд ашиглах шаардлагатай болдог. Тиймээс зам харгуй гаргах, хоол хүнс ачсан машинууд дагалдаж явах, гадаад дотоодын олон мэргэжилтэн очиж ажиллах асуудлууд гардаг нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгардаг.
Энэ асуудлаар Увс аймагт Ажлын хэсэг байгуулагдсанаас гадна манай байгууллагын зүгээс тодорхой тайлбарууд гаргаж өгсний үндсэн дээр тухайн компанийн үйл ажиллагааг явуулахаар тогтсон. Саяхан манай агентлаг дээр Увс аймгийн Засаг даргатай хоёр ч удаагийн уулзалт хийлээ. Орон нутгийн сонгууль саяхан болж өнгөрлөө. Ер нь сонгуулийн өмнө, хойно эрдэс баялгийн салбарт иймэрхүү асуудлууд илүүтэй гарч ирдэг. Мөн байгаль орчинтой холбоотой маргаан их гардаг учраас энэ чиглэлээр салбарын яам болон манай агентлаг асуудлыг шийдэхээр байнга ажилладаг. Хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа компани, орон нутгийнхны хооронд үүсдэг үл ойлголцол шийдэгдэхгүй явж ирсэний нэг жишээ нь энэ юм.
Монгол улсад цагаан алтны илэрцтэй газар олноор тэмдэглэгдсэн байдаг. Өмнөговь, Увс аймагт тийм илэрцүүд нэлээд бий. Гэхдээ яг нөөц тогтоочихсон цагаан алтны орд байхгүй.
Дундговь аймгийн сэтгүүлч Т.Отгонтуяа:
Дундговь аймгийн Гурвансайхан суманд цагаан мөнгөний олборлолт явуулдаг компани бий. Саяхан энэ компани баяжуулах үйлдвэр байгуулсан ч мэргэжлийн хяналтын байгууллага шаардлага хангахгүй гэдэг үндэслэлээр үйл ажиллагааг нь түр зогсоосон. Мөн Хулд сумын Түймэрт цагааны жоншны уурхайг таван жилийн өмнөөс ухаад эхэлсэн. Одоо энд аюултай мөргөцөгүүд үүсч, хүнд машин техник орохоос аргагүй байдалд хүрч байна. Энэ талаар Ашигт малтмал, газрын тосны газар ямар мэдээлэлтэй байгаа вэ?
Геологи хайгуулын хэлтсийн дарга Д.Алтанхуяг:
Гурвансайхан сумын мөнгөний уурхайн хувьд 2013 онд нөөцөө танилцуулсан. Салхит нэртэй, хоёр тусгай зөвшөөрөлтэй уурхай. 1 тонн орчим алт, 1000 орчим тонн мөнгөний нөөцтэй. Энэ уурхайн удирдлагууд манай агентлагтай холбоотой ажилладаг. Саяхан үйл ажиллагаагаа танилцуулсан.
Кадастрын хэлтсийн дарга Д.Мөнхтамир:
Хулд сумын нутагт бичил уурхайн хэлбэрээр ажиллаж байгаа жоншны талбай байгаа. Мэргэжлийн хяналтын байгууллагад ажиллаж байхдаа энэ асуудлаар удаа дараа очиж байсан. Засгийн газрын 209 дүгээр тогтоолоор батлагдсан бичил уурхайн үйл ажиллагаа эрхлэх журам бий. Түймэрт цагааны жоншны талбайд энэ журмын дагуу үйл ажиллагаагаа бүрэн явуулсан. Гэтэл бичил уурхайн журамд заасан “ашигт малтмал олборлолтын үйл ажиллагаанд 500 см3-ээс дээш багтаамжтай дотоод шаталтат хөдөлгүүр бүхий механизмыг ашиглахыг хориглох” заалтыг зөрчин энэ талбай руу хүнд оврын экскаваторууд оруулчихсан. Өөрөөр хэлбэл, уул уурхайн үйлдвэрлэлийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулан, талбайг томсгож, нуралт байнга үүсэх нөхцөл байдалтай болгосон. Жоншны уурхай нэлээд гүн болсон учраас нөхөн сэргээлт хий гэх шаардлага тавихад хэцүү болж байгаа юм. Хэрэв хүний амь нас, аюулгүй байдалд халтай нөхцөл байдал үүсвэл уурхайг хаахаас өөр замгүй.
2006 оны байдлаар Монгол улсад 20 мянган бичил уурхайчид хууль бус олборлолт хийж байсан бол 2015 онд энэ тоо 100 мянгад хүрсэн. Тиймээс цаашид бичил уурхайгаар ийм байдлаар явуулаад байх уу? эсвэл тэднийг албан ёсны аж ахуйн нэгжийн зохион байгуулалтад оруулах уу гэдгээ шийдэх хэрэгтэй байгаа юм.
Бичил уурхай үйлдвэрлэлийн нөөцгүй газар дээр л явагдах ёстой. Өнөөдөр Монгол дахь бичил уурхайн нөхцөл байдал том том техник ашигладаг боллоо. Улмаар тусгай зөвшөөрөл эзэмшигчид иймэрхүү байдлаар татвараас зугтах хандлага руу орох нь ихэсч байна.
Дархан-Уул аймгийн ДБС телевизийн сэтгүүлч П.Майцэцэг:
Дархан-Уул аймгийн хэмжээнд түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олноор олгогдсон талаар аравдугаар сард Засаг дарга ноцтой мэдээлэл хийж байсан. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг орон нутгаас олгох үйл явцад Ашигт малтмал, газрын тосны газраас хяналт тавьдаг уу?
Кадастрын хэлтсийн дарга Д.Мөнхтамир:
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн дагуу эхлээд аймгийн Засаг даргад өргөдлөө өгөх ёстой. Үүний дараа Засаг дарга олборлох боломжтой талбайн талаар манай агентлаг руу мэдээллээ явуулж, эрдсийн хуримтлал бий эсэхийг шалгуулна. Ингээд эрдсийн хуримтлал байгаа эсэхийг нотолсон дүгнэлтийг аймаг руу явуулж, энэ нь орон нутгаас тусгай зөвшөөрөл болж олгогддог.
Гэхдээ энэ хууль өнөөдөр Ашигт малтмалын тухай хуультай зөрчилддөг. Хамгийн гол нь, түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож байгаа газруудыг судлаад үзэхэд ихэнхдээ сум, аймгийн төвөөсөө алслагдсан буюу 60-80 км-ийн зайд оршиж байна. Ийм хол тээвэрлэлт хийгээд сум, аймгийн зах зээлд хүргэхэд ямар ч ашиггүй.
Тиймээс Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг боловсронгуй болгох уу, эсвэл хүчингүй болгох уу гэдэг дээр бид санал боловсруулж өргөн барьсан. Одоогоор орон нутгаас олгогдсон Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн тоо 220 байна. Үүн дээр нэмээд орон нутгаас 86 өргөдөл ирсэн.
Орхон аймгийн “Шинэ мэдээ” сонины эрхлэгч Б.Дуламсүрэн:
БХГ-нд орон нутгийн хэвлэл мэдээллийнхний зүгээс хяналт тавьж, оролцох боломж байдаг уу?
АМГТГ-ын дарга Б.Баатарцогт:
БХГ нууцлалын зэрэглэлтэй байдаг. Гэхдээ 2014 онд хуульд өөрчлөлт орсноор БХГ-ний ерөнхий нөхцөл, загварыг баталсан. Шинээр хийгдэж байгаа гэрээнүүд ижил загвар, ижил төстэй нөхцөлтэйгээр байгуулагдаж байгаа. Тиймээс БХГ-г бүхэлд нь биш юм гэхэд, тодорхой нөхцөлүүдийг нээлттэй байлгах боломжтой.
“Баянхонгор телевиз”-ийн сэтгүүлч Д.Дэлгэрсайхан:
Баянхонгор аймгийн Шинэжинст суманд дэлхийд тавдугаарт орох зэс, молибдений нөөц илэрсэн мэдээлэл хэдэн жилийн өмнө гарч байсан. Энэ мэдээлэл хэр бодитой вэ?
Геологи хайгуулын хэлтсийн дарга Д.Алтанхуяг:
Шинэжинст суманд “Эрдэнэ Монгол” компани “Зуун мод” зэс-молибдений ордын нөөцийг тогтоож, улсад бүртгүүлсэн. Ер нь эрдсийн гарал үүсэл тодорхой зүй тогтолтой үүсдэг учраас тухайн бүсийнхээ дагуу баруун хойшоо суналттайгаар нэмж тогтоогдож байгаа.
“Эрдэнэ Монгол” компанийн хувьд нөөцөө тогтоож, бүртгүүлснээс хойш үйл ажиллагаа явуулаагүй. Харин жил болгон тодорхой, шинэ төслүүддээ өрөмдлөг, суваг малталт, геофизик, геохими, нарийвчилсан геологийн зураглал гэх мэт хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай дээр хийгддэг ажлуудынхаа үр дүнг танилцуулаад, үлдсэн талбайнууд дээрээ нэмэлт судалгаа хийж байгаа. Олборлолт руу шилжих түвшинд арай хүрээгүй юм билээ.
Шинэжинст суманд илэрсэн орд дэлхийд тавдугаарт орно гэдэг нь ташаа мэдээлэл. Монгол улс молибденийн нөөц ихтэй. Хөвсгөлийн Цагаан Уул, Дорнод, Сүхбаатарын нутгаар ийм нөөц нэлээд тогтоогдсон.
Эх сурвалж: Г.Идэрхангай, “Mining Journal”сэтгүүл