Уул уурхайн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг “Эрдэнэт үйлдвэр”дээр боллоо

Уул уурхайн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг “Эрдэнэт үйлдвэр”дээр боллоо

Уул уурхайн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг Эрдэнэт үйлдвэрдээр боллоо 

Уул уурхайн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн бодлогын газрын дарга Ж.Ганбаатар тэргүүтэй тус яамны мэргэжилтэн, хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийнхэн зохион байгуулав. Монгол улсын геологи уул уурхайн салбарын асуудлыг  1988 онд батлагдсан Газрын хэвлийн тухай хууль, 1994, 1997, 2006 онуудад шинэчлэн батлагдсан  Ашигт малтмалын тухай хууль зэрэг 30 гаруй хуулиар зохицуулж ирсэн.

Манай  улсад уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж, эдийн засгийн томоохон үндэс суурь нь болж ирсэн ч тус салбарын үндсэн процессийг зохицуулсан толгой хууль буюу Уул уурхайн тухай хууль хараахан батлагдаагүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын нөөц тогтоогдохоос эхлээд нөөцийг баталгаажуулах, техник эдийн засгийн үндэслэл,  зураг төслийг боловсруулах, үйлдвэр барьж байгуулах, ашиглах, боловсруулах, хаалтын асуудал гээд иж бүрнээр нь зохицуулсан хууль байдаггүй байна. Тиймээс олон улсын жишигт нийцүүлсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлага тавигдаж байгааг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захиргааны 1-р байранд болсон хэлэлцүүлгийн эхэнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны бодлогын газрын ахлах мэргэжилтэн Ч.Цогтбаатар онцлов.

Уул уурхайн тухай хуулийн төслийг 2016-2020 онд Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, 2014 онд батлагдсан Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын хүрээнд боловсруулж,  хуулийн үзэл баримтлалыг  батлуулсан байна.  Хэлэлцүүлгийн үеэр Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн цехийн удирдлагууд, мэргэжилтнүүд хуулийн төсөлд тусгагдсан заалтууд, мэргэжлийн нэр томьёо, утга агуулгын талаар санал бодлоо солилцов. Харин тэдний гаргаж буй саналыг нэгтгэн, хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийнхэнд хүргүүлэхээ Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хэлэлцүүлгийн төгсгөлд хэлсэн юм.

Уул уурхайн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны бодлогын газрын ахлах мэргэжилтэн Ч.Цогтбаатараас тодруулахад “Үзэл баримтлалын дагуу хуулийн эхний хувилбарыг гаргаж, 40 жилийн арвин туршлагатай Эрдэнэт үйлдвэрийн бааз дээр тэргүүлэх мэргэжилтнүүдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулсан нь маш үр дүнтэй боллоо. Эрдэнэт үйлдвэрийн инженер техникийн ажилтнууд, эрдэмтэн, судлаач мэргэжилтнүүдийн санал маш чухал. Тэдний саналыг хуулийн төсөлдөө тусгаж, илүү сайжруулах бодолтой байна. Цаашид бид олон хэлэлцүүлгийг зохион байгуулна. 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн Хууль тогтоомжийн тухай шинэ хуулинд зааснаар тухайн  хуулийн хэрэгцээ шаардлага амьдралд үнэхээр хэрэгтэй юу гэдгийг судлах, дүгнэх цэгнэх  боломжтой болсон. Өнөөдрийн хэлэлцүүлгийн үеэр мэргэжилтнүүд энэ хуулийн төслийг, маш зөв зүйтэй санаачилга байна. Уул уурхайн тухай хууль бол зайлшгүй энэ салбарынхаа толгой хууль нь байх ёстой, ийм хууль гаргах цаг нь болсон гэж дүгнэсэнд ажлын хэсгийн зүгээс баяртай байна” гэж хариуллаа.

Эх сурвалж: Erdenettoday.mn