Оюу толгойн “Ханган нийлүүлэгчдийн форум” боллоо
Оюу толгойн “Ханган нийлүүлэгчдийн форум” 2017 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр болов. Форумд нийт 675 орчим ханган нийлүүлэгч байгууллагууд болон 1200 зочид оролцсон бөгөөд олонх нь үндэсний ханган нийлүүлэгчид байлаа.
Оюу толгой уурхайн ашиглалтын хугацаанд шаардагдах бараа, үйлчилгээг тасралтгүй нийлүүлэх дотоодын ханган нийлүүлтийн сүлжээг өргөжүүлж, ирээдүйн боломжийг танилцуулах зорилгоор уг чуулганыг хоёр дахь удаагаа зохион байгуулжээ. Ингэснээр уул уурхайн эдийн засгийн нөлөө буюу үржүүлэгч коэфицентийг дотоодын зах зээлийн хүчин чадлыг өсгөн нэмэгдүүлэхэд чиглүүлж, шууд бус эдийн засгийн өсөлтөнд эерэгээр хувь нэмэр оруулах боломжтой гэж зохион байгуулагчид нь үзэж байна.
Чуулганы төлөөлөгчдөд “Монголд үйлдвэрлэв – Уурхайн үйл ажиллагааны явцад шаардлагатай бараа материал”, “Ханган нийлүүлэлтийн хэрэгцээ, шаардлага – Уурхайн үйл ажиллагааны явцад шаардлагатай үйлчилгээ” гэсэн хоёр сэдвээр мэдээлэл олгож, “Ялгуун Лайм ХХК”, “Ханбогд Хурд”ХХК, “Хасу Мегаватт”ХХК-иудын амжилтыг түүхийг танилцуулав.
Чуулганы хүндэт зочноор УИХ-ын гишүүн Л.Энхболд, Н.Амарзаяа, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны газрын дарга Б.Баатарсүх, Эрдэнэс монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт, Оюу толгой ХХК-ийн Ерөнхий захирал Армандо Торрес, Оюу толгой ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Стивен Жонс, Оюу толгой ХХК-ийн Гадаад харилцаа, олон нийттэй харилцах асуудал хариуцсан Ерөнхий менежер Л.Оргил, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар оролцлоо.
Дашрамд дурдахад 2016 онд Оюу толгой компани дотоодоос 371.5 сая ам.долларын бүтээгдэхүүн, үйлчилгээ, үүний дотор 279 сая ам.долларын бүтээгдэхүүн, үйлчилгээг үндэсний компаниудаас худалдан авсан бөгөөд гэрээлэгч компаниудаар дамжуулан 6,244 ажлын байрыг шууд бий болгож ханган нийлүүлэгч компаниудаар дамжуулан 35,000 ажлын байрыг шууд бус байдлаар дэмжин ажилласан байна. Үүнээс, зөвхөн Өмнөговь аймагт зарцуулсан худалдан авалтын хэмжээ 69 сая ам.долларт хүрсэн гэж тайлагнав.
Оюу толгойн Ханган нийлүүлтийн хоёр дахь чуулганы хувьд импортын худалдан авалтыг дотоодын үйлдвэрлэгч эсвэл нэмүү өртөг шингэсэн үйлчилгээний бүтэцтэй ханган нийлүүлэлтийн сүлжээг байгуулах бололцоог нэмэгдүүлэх, түүнд тэмүүлэх сэдлийг олгож байгаагаараа онцлогтой.