Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын 2017-2018 оны хамтын хэлэлцээр байгуулагдлаа
Геологи, уул уурхай хүнд үйлдвэрийн салбарын 2017-2018 оны хамтын хэлэлцээрийг 2017 оны 03-р сарын 22-нд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын Эрчим Хүч, Геологи, Уул уурхайн ҮЭ-ийн Холбоод, Уул уурхайн үндэсний ассоциаци, Монгол нүүрс ассоциаци, Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбоо, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл байгуулж, талууд гарын үсэг зурлаа.
Хэлэлцээрт УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Буянжаргал, Монголын нүүрс ассоциацийн ерөнхийлөгч Т.Наран, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан болон бусад төлөөлөгч нар оролцлоо.
Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж баталгаажуулах, ажилтнуудын нийгмийн хамгааллын асуудлыг дэс дараатай шийдвэрлэж, үйлдвэрлэлийн үр ашиг, салбарын тогтвортой байдлыг хангахад хамтын хэлэлцээрийн зорилго оршино.
Улс орны эдийн засаг хямралтай байгаа өнөө үед ажилтнуудын нийгмийн хамгааллыг өмнө хүрсэн түвшингээс бууруулахгүй байх чиглэлийг барьж хэлэлцээрийг хийлээ. Хэлэлцээрээр цалин хөлсийг инфляцийн түвшин, үйлдвэрлэлийн үр ашиг, хөдөлмөрийн бүтээмж, хэрэглээний ба үйлдвэрлэлийн үнэ, тарифын өсөлт зэргийг харгалзан үндсэн цалинг нэмэгдүүлэх асуудлыг аж ахуйн нэгж байгууллагууд хамтын гэрээгээр зохицуулж, 2017-2018 онд цалин хөлсийг нэмэгдүүлэх, салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооноос тогтоосон улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлэн 480.000 төгрөгөөр тогтоолоо.
Түүнчлэн эрхэлсэн ажлаа мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэдэг буюу бусдаас илүү дэвшилтэт арга барилаар өндөр ур чадвар гарган ажиллаж байгаа ажилтанд олгох ур чадварын нэмэгдэл хөлс 30 хувиас доошгүй, сарын ажиллагааны үр дүнгийн шагналыг үндсэн цалингийн 60 хүртэл хувиар бодож олгох, салбарт ажиллаж байгаа ажилтанд удаан жил ажилласны нэмэгдлийг ажилласан хугацаанаас хамааруулан цалингийн 40 хүртэл хувиар бодож, хамтын гэрээгээр олгох, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа ажилтнуудад шөнийн нэмэгдлийг тарифт болон үндсэн цалингийн 20 хүртэл хувиар тооцож олгох зэрэг заалтууд хэлэлцээрт орлоо.
Мөн геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмадуудад салбарт ажилласан жил тутамд салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмжийн олгох заалтыг үргэлжлүүлэн мөрдөхөөр тохиролцлоо.
Геологи, уул уурхай хүнд үйлдвэрийн салбарын 2017-2018 оны хамтын хэлэлцээр нь салбарын нийт ажилчдын эрх ашгийг хамгаалах үндсэн баримт бичиг болохыг талууд хүлээн зөвшөөрч цаашид үр бүтээлтэй хэрэгжүүлж, хамтран ажиллахаар тохиролцов.