Чили улсын “Коделко” компанийн төлөөлөгчидтэй уулзлаа
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж Чили улсын “Коделко” компанийн төлөөлөгчдийг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзлаа.
“Коделко” компанийнхан ажлын туршлага болоод үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг танилцуулж, цаашид манай улстай хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Монголд зэс олборлодог компаниудын үйл ажиллагаатай танилцахаар ирсэн тухайгаа дуулгав.
Сайд Ц.Дашдорж хамтран ажиллах нөхцөл боломж нээлттэй гэдгийг онцлоод гагцхүү талуудын сэтгэл ханамж адил байх ёстой гэлээ.
100 жилийн түүхтэй “Коделко” нь зэсийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг бөгөөд 100 хувь төрийн өмчит компани юм. 18 мянган ажилтантай тус компани жилд 1,8 сая тонн зэс боловсруулдаг аж.
Компанийн төлөөлөгчид Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдтай уулзсныхаа дараа “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдагуудтай уулзана гэлээ.