Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав таван аймагт ажиллалаа
Засгийн газрын хуралдаанаар УУХҮ-ийн дэд сайдаар томилогдсон Д.Загджав үүрэгт ажлаа хүлээн авснаас хойш нэг сар болж байна. Энэ хугацаанд дэд сайд Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь, Дундговь, Орхон аймагт ажиллаж, салбарынхаа ажил байдалтай газар дээр нь танилцаж, орон нутгийн иргэд, удирдлагуудтай уулзлаа.
Хамгийн сүүлд энэ сарын 13-16-нд Орхон аймагт албан томилолтоор ажиллаж, тус аймгийн ЗДТГ, ИТХ-ын тэргүүлэгчид, аймгийн иргэдийн төлөөлөгчид, зарим аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллүүдтэй уулзаж, санал солилцов.
Уулзалтад Барилга, хот байгуулалтын дэд сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд болон холбогдох албаны хүмүүс оролцож, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, дэвшүүлсэн зорилт, түүний хэрэгжилтийн явц, үр дүн, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл хийж, иргэдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.
Мөн тус аймгийн ЗДТГ, түүний бүтцийн нэгж (Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс)-ийн үйл ажиллагаатай танилцаж, Орхон аймагт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын ажлын байр нэмэгдүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах чиглэлээр орон нутагтай байгуулсан гэрээ, түүний хэрэгжилт, холбогдох бусад асуудлаар санал солилцлоо.
Улс орны эдийн засгийн хүндрэлтэй байдлыг даван туулах, эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх зорилгоор Засгийн газраас “Алт-2” хөтөлбөрийг батлан гаргасан. Мөн уурхайн дэргэд үүссэн овоолгыг дахин ашиглах зорилгоор үүсмэл орд ашиглахтай холбогдсон журмыг боловсруулж Засгийн газраар батлуулсан, Уул уурхайн тухай хуулийг шинээр боловсруулж, салбарын холбогдох эрх зүйн баримт бичгүүдийг шинэчлэх, сайжруулах, боловсронгуй болгох чиглэлээр шаардлагатай арга хэмжээ авч байгаа тухайгаа танилцуулж, иргэдээс гаргасан саналыг салбарын бодлого, үйл ажиллагаанд тусгаж, холбогдох арга хэмжээ авч ажиллахаа илэрхийлэв.