Техникийн хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав
Монгол Улсын Ашигт малтмал, газрын тосны газар болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Газрын тосны бүтээгдэхүүний чанар, хангамжийн газар хооронд өнөөдөр буюу 2017.04.19-ний өдөр Техникийн Хамтын Ажиллагааны Харилцан Ойлголцлын САНАМЖ БИЧИГ байгуулагдлаа.
Санамж бичигт
Монголын талаас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг АМГТГ-ын Дарга Б.Баатарцогт БНСУ-ын талаас тус улсын Газрын тосны бүтээгдэхүүний чанар, хангамжийн газар Газрын Тосны Газрын Ерөнхийлөгч (K-Петро) ШИН СЁОНГ-ЧЁОЛ /SHIN SEONG-CHEOL/ нар гарын үсэг зурав.
Энэхүү санамж бичгийн зорилго нь 2 орны газрын тосны бүтээгдэхүүн болон альтернатив түлшний салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд орших ба дараах чиглэлүүдээр хамтран ажиллана. Үүнд:
- Газрын тосны бүтээгдэхүүн болон альтернатив түлшний хадгалах, түгээх үеийн чанарын хяналтын тогтолцоог бий болгох;
- Газрын тосны бүтээгдэхүүн болон альтернатив түлшний чанарын хяналтын туршилт, шинжилгээ хийх тогтолцоог бий болгох ;
- Тээврийн хэрэгслийн түлшний зарцуулалтын үнэлгээ болон түлшний чанарын стандартыг сайжруулахад техник арга зүйн зөвлөгөө өгөх;
- Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, хэрэглээ, нөөцийн мэдээллийг боловсруулах, түүнийг ашиглах, хяналтын цахим системийг бий болгох
- Хүний нөөцийг харилцан солилцож, хамтарсан сургалт, семинарыг зохион байгуулах, мэдээлэл солилцох;
- Лабораторийн тоног төхөөрөмж дээр ажиллах хүний нөөцийг сургах, дадлагажуулах, чадавхжуулах зэрэг болно.
Санамж бичиг байгуулсаны дараа "K Petro"-гийн төлөөллөгчдийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал хүлээн авч уулзсан юм.