Уул уурхайн салбарын Төвийн бүсийн чуулган тавдугаар сарын 16-нд Орхон аймагт болно
Уул уурхайн салбарын өнөөгийн байдал, хөгжлийнчиг хандлага, хөрөнгө оруулалтын үр өгөөж, орон нутгийн хамтын ажиллагаа, байгаль орчны нөхөн сэргээлт, бичил уурхайн зохицуулалт зэрэг олон асуудлыг хөндсөн чуулгануудыг энэ онд улсын хэмжээнд дөрвөн бүсэд зохион байгуулах гэж байна. Учир нь манай улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. Энэ талаар өнөөдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, Уул уурхайн бодлогын газрын дарга Ж.Ганбаатар, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн захирал Х.Бадамсүрэн, АМГТГ-ын дарга Б.Баатарцогт нар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.
Анх 1922 оны Засгийн газрын шийдвэрээр Налайхын нүүрсний газрын ашиглалтыг улсын мэдэлд авснаар Монгол улсад уул уурхайн салбарын түүх эхэлсэн хэмээн үздэг. 2016 оны эцсийн байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 18 хувь, экспортын 86 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 71 хувь, Улсын нэгдсэн төсвийн орлогын дөрөвний нэг хувийг тус тус бүрдүүлж буй уул уурхайн салбартай эдүгээ 40 мянга гаруй хүн ажил, амьдралаа холбон хөдөлмөрлөж байна.
Улс орны эдийн засаг хямралтай үед төдийгүй хэвийн үед ч ачааны хүндийг үүрч ирсэн энэ салбарын үр өгөөжийг бодитой ойлгож, зөв мэдээлж, байгалийн баялагийг зүй зохистой ашиглах замаар нийгэм, эдийн засгийн бусад салбараа өөд татахыг нийтээрээ анхаарах цаг болсныг салбарынхан уриалж байна. Тиймээс салбарын 95 жилийн ойн хүрээнд Уурхайчдын өдрийг угтах, тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсэг энэ чиглэлд хийх жилийн ажлын төлөвлөгөөгөө баталж, салбараа нийтэд таниулах ажлаа эхлүүллээ.
Төлөвлөгөөний дагуу тавдугаар сарын 16-нд Уул уурхайн салбарын төвийн бүсийн чуулганыг УУХҮЯ, АМГТГ, “Эрдэнэт үйлдвэр”ХХК хамтран Орхон аймагт зохион байгуулж байна. Төвийн бүсийн чуулганд Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Төв, Архангай, Өвөрхангай аймгууд оролцож байгаа бөгөөд нэгдсэн хуралдаан нь “Уул уурхайн салбарын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага, тулгамдаж буй асуудал” сэдвээр хуралдах бөгөөд салбар хуралдаанууд нь “Уул уурхайн салбарын эрхзүйн орчин”, “Үйлдвэрлэл, техник технологи хөгжлийн бодлого”, “Хүнд үйлдвэрийн салбарын хөгжлийн гарц”, “Уул уурхайн салбар ба орон нутгийн хамтын ажиллагаа” зэрэг чиглэлээр илтгэл хэлэлцүүлж, мэргэжилтнүүд санал бодлоо илэрхийлнэ.
Чуулганы үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд, Улсын их хурлын гишүүд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайд, Орон нутгийн удирдлагууд, эрдэмтэн судлаачид болон Уул уурхайн салбарын аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөгч нар оролцоно.
Цаашид Зүүн бүсийн чуулганыг Хэнтий аймагт 9 дүгээр сард, Баруун бүсийн чуулганыг Ховд аймагт 10 дугаар сард, Говийн бүсийн чуулганыг Өмнөговь аймагт 11 дүгээр сард зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд 21 аймгийн бүх сумын төлөөллийг хамруулах зорилго тавьж байна. Чуулганаар яригдсан олон асуудлын шийдэл шинээр боловсруулж буй “Уул уурхайн хууль”-д тусгалаа олох учиртай бөгөөд манай улс ийм хуультай болсноор геологийн судалгаа, ашигт малтмалын эрэл, хайгуул, олборлолт, баяжуулалт, боловсруулалт, борлуулалт, байгаль орчны хамгаалалт, хөдөлмөрийн аюулгүй байдал, уурхайн хаалт дуусах хүртэл бүхий л асуудлыг хамарсан эрх зүйн зохицуулалт уурхайн амьдралын мөчлөгийн хүрээнд нэг мөр болох юм.
Салбарын 95 жилийн ойн хүрээнд “China Mining”олон улсын үзэсгэлэнд оролцох, “Дисковер Монголиа-95” хөрөнгө оруулагчдын чуулган, эрдэм шинжилгээний бага хурал, уурхайчдын ажил, мэргэжлийн тэмцээн, урлаг, спортын наадамхийх, баримтат кино, гэрэл зургийн цомог, ном гаргахзэрэг салбараа таниулан сурталчилсан олон талт арга хэмжээ зохион байгуулна.