Дэд сайд Д.Загджав Куба улсын элчин сайдтай уулзлаа
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав Куба улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Раул Делгадо Консепсионыг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзав.
УУХҮЯ-ны хүндэтгэлийн танхимд өрнөсөн уг уулзалтанд элчин сайд Раул Делгадо Консепсион Куба улсын эрчим хүч, уул уурхайн яам болон уул уурхайн технологийн талаар товч мэдээлэл өгч, Монгол Улсад уул уурхайн салбар эдийн засгийн гол хөшүүрэг том салбар гэж ойлгодог тухайгаа онцоллоо. Куба улсын хувьд байгалийн гол баялаг нь никель, газрын тос бөгөөд бид өөрийн оронд газрын тос боловсруулах дөрвөн үйлдвэр байгуулан ажиллаж, улсынхаа нийт хэрэглээний тал хувийг хангаж байна гэв.
Мөн тэрээр Монгол Улсын уул уурхайн салбарын туршлагаас суралцах, мэдлэг мэдээллээ солилцох зорилгоор өөрийн орны мэргэжилтнүүдийг урьж авчран томоохон үйлдвэрлэл, бүтээн байгуулалт, технологитой танилцах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
УУХҮЯ-ийн дэд сайд Д.Загджав хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоод 57 жил болсон. Бидний өнөөдрийн уулзалтаар Куба, Монгол Улсын уул уурхайн салбарын хамтын ажиллагааны эхлэл тавигдана гэдэгт итгэлтэй байна.
Манай яам хөрөнгө оруулалтын таатай нөхцөл, эрхзүйн тогтвортой орчин, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Манай улс ОХУ-тай хамтран уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг байгуулж, дэлхийд үнэлэгдэх бүтээн байгуулалтыг бий болгосон арвин туршлагатай. Цаашид хоёр улсын Засгийн газар хооронд ажлын хэсэг байгуулж, Кубын хөрөнгө оруулалтаар томоохон хэмжээний уулын баяжуулах үйлдвэр барьж байгуулах талаар хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
УУХҮЯ