“Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг шинэчлэн баталлаа

“Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг шинэчлэн баталлаа

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 151 дүгээр тогтоолоор “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг шинэчлэн баталсан бөгөөд журмын хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад, журмыг хэрэгжүүлэх ажлыг харъяа нутаг дэвсгэртээ зохион байгуулж ажиллахыг бүх шатны Засаг дарга нарт тус тус үүрэг болгосон.

Мөн 2010 онд батлагдсан журмыг шинэчилсэн нь өнгөрсөн хугацаанд бичил уурхайн салбарт гарсан эрх зүйн болон практик шаардлагуудаас гадна 2014-2025 он хүртэл Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, 2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгалаа олсон зорилтуудыг хэрэгжүүлэхтэй холбоотой юм.

Шинэ журмаар Иргэний хуулийн дагуу нөхөрлөл, хоршооны зохион байгуулалтад орсон хуулийн этгээдийн ашиглах тоног төхөөрөмжийн хүчин чадлыг 7 дахин нэмэгдүүлж, нөхөрлөл, бүртгэгдээгүй нөхөрлөлийг 9-өөс доошгүй гишүүнтэй байхаар журамлаж, тухайн талбай дахь ашигт малтмалыг ашиглаж дуусах хүртэлх хугацаагаар олборлолтын гэрээг байгуулахаар тусгасан нь бичил уурхай эрхлэгчдийн бүтээмж, орлого, ажлын байрыг нэмэгдүүлнэ гэж тооцож байна.

Түүнчлэн бичил уурхайчид ашигт малтмал олборлож, тодорхой хэмжээний орлого олж байгаа Монгол Улсын иргэний хувьд хуулиар ногдуулсан албан татвар төлөх үүргээ биелүүлж, нийгмийн халамж, хамгааллын болон төрийн үйлчилгээг авах юм.

Эцсийн дүндээ нөхөн сэргээлтийг төлөвлөгөө, аргачлалын дагуу хийснээр бичил уурхайчдын нийгэм болон байгаль орчны хариуцлага сайжирч, иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ. Мөн нөхөрлөл, хоршооны зохион байгуулалтад орж үйл ажиллагаа явуулах нь хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа “нинжа”, ХАМО буюу хувиараа ашигт малтмал олборлогчдоос ялгарах нөхцөл бүрдэх юм. 

“Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам"-ыг ЭНД ДАРЖ ТАТНА УУ

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ