Германы Хөгжлийн банкны төлөөллүүдтэй уулзав
УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын дарга Б.Дэлгэржаргал энэ сарын 17-ны өдөр Германы Хөгжлийн банк (KFW)-ны төслийн ахлах менежер Бэнжамин Грайдлерыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад УУХҮЯ-ны УУБГ-ын ахлах мэргэжилтэн Д.Дамба болон Германы Хөгжлийн банкны ажилтан Сабяни Банк, Жанна Шлейк, тус банкны Монгол дахь төслийн зохицуулагч Ц.Энхзул нар оролцов.
Уулзалтаар Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулийн өргөтгөлийн ажлыг Германы Хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэв.
Монгол Улсын эдийн засгийн тулгуур болсон уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд мэргэжилтэй боловсон хүчнийг сургаж бэлтгэх, их дээд сургуулиудын сургалтын бааз суурийг бэхжүүлэх асуудал чухлаар тавигдаж байгаа. Мөн Засгийн газраас дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн инженерийн чанартай боловсролыг эх орондоо эзэмших боломжийг бүрдүүлэх, олон улсын стандартад нийцсэн сургалтаар өндөр мэдлэгтэй боловсон хүчнийг сургаж бэлтгэхэд онцгой анхаарч байна. Энэ зорилтын хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монгол-Германы Технологийн их сургуультай хамтран ажиллах Санамж бичиг байгуулсан. Иймд тус сургуулийн өргөтгөлийн ажлыг Германы Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх асуудлыг дэмжиж байна гэдгээ УУХҮЯ-ны УУБГ-ын дарга Б.Дэлгэржаргал уулзалтын үеэр илэрхийлэв.
Цаашид Монгол-Германы олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд талууд хүчин чармайлт гарган ажиллана гэв.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам.