Сайд Д.Сумъяабазар жоншны салбарынхантай уулзав
УУХҮЯ, АМГТГ хамтран “ЖОНШ ОЛБОРЛОГЧДЫН УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ"-ийг өнөөдөр буюу 2018.05.30-ны өдөр Төрийн ордонд зохиолоо. Уулзалтад УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн, дэд дарга М.Энхжаргал тэргүүтэй яам, агентлагийн газар хэлтсийн дарга нар болон жонш олборлогч компаниуд, уул уурхайн мэргэжлийн холбоодын 100 орчим төлөөлөл оролцов.
Салбарын сайд уулзалт, хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ "Монгол орны газар нутагт тогтоогдоод байгаа олон төрлийн ашигт малтмал, эрдэс түүхий эдийн дотор хайлуур жонш томоохон байр суурийг эзэлдэг. Хайлуур жонш нь хими металлургийн үйлдвэрлэлийн гол түүхий эд төдийгүй түүнийг уран, нефть боловсруулах үйлдвэр, сансрын техник, оптикийн линз, электрон техник, гоёл чимэглэлийн зориулалтаар ашиглаж байна. Миний бие сайдаар томилогдсон өдрөөсөө эхлэн хариуцлагын тогтолцоог сайжруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийг тэлэх боломжтой үйлдвэрийн төслүүдэд онцгой ач холбогдол өгч ажиллахаа илэрхийлсэн. Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, төрийн байгууллагуудын уялдааг сайжруулах, аж ахуйн нэгжүүдтэй нээлттэй хамтран ажиллах зарчмыг баримтлан ажиллаж байна" гэлээ.
Мөн тэрбээр цаашид салбарын хөгжлийг эрчимжүүлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад хууль эрх зүй, татварын орчныг сайжруулах, ашигт малтмалын эрэл хайгуулын ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг хэллээ.
Түүнчлэн "Нөөцийн хөдөлгөөн, бүртгэлийн системийг шинэчлэх, олборлолт, боловсруулалтыг хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай, дэвшилтэт техник, технологи ашиглан явуулах, бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхой болгох, бүтээгдэхүүний чанар, стандартыг олон улсын шаардлагад нийцүүлэх, мэргэжилтэй ажилчдыг сургаж бэлтгэх, мэргэшүүлэх, “Эрдэс баялгийн бирж”-ийн зарчмаар хэрэгжүүлэх, дэд бүтэц, бүс нутгийн хөгжил зэрэг тулгамдсан олон асуудлууд байгааг үндэсний хэмжээнд авч үзэж, харилцан уялдаатай байх зарчмаар шийдвэрлэхийг цаг үе шаардаж байна" хэмээн сайд Д.Сумъяабазар онцлон хэлэв.
Жонш олборлогч аж ахуйн нэгжүүд салбарын сайд жоншны салбарыг анхааран, төлөөллүүдтэй нь уулзаж, санал бодлыг нь сонсож байгаад талархалтай хандаж буйгаа хэллээ. Тэдний зүгээс гар аргаар жонш олборлогчдын асуудлыг цэгцэлж өгөх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, “Жонш хөтөлбөрийг хэрэгжүүлэх”зэрэг саналуудыг хэлж байсан юм.
АМГТГ-ын мэдээллийн сангийн бүртгэлд энэ сарын 28-ны өдрийн байдлаар нийт 3287 хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл байгаагаас 1643 ашиглалтын тусгай зөвшөөрөлбүртгэлтэйгээс жоншны 175 ашиглалтын тусгай зөвшөөрөл байна. Монгол орны жоншны нөөц хүдэрээр 74 сая тонн эрдсээр 30.2 сая тонн байгаа бөгөөд жонш баяжуулах 20 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. УУХҮ-ийн сайдын 2017.06.30-ны өдрийн А/131 тоот тушаалаар "Баяжуулах үйлдвэрт тавигдах шаардлага, үйл ажиллагаа эрхлэх журам"-ын төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд баяжуулах үйлдвэрийн журмын төслийг боловсруулж дуусгаад байна. Монгол Улсын экспортын голлох ашигт малтмалд хайлуур жоншны экспорт 1.4 хувийг эзэлж байна. 2018 оны 1-р улиралд МУ-ын жоншны экспорт өнгөрсөн оны мөн үеэс 2 дахин өсөж, 25 сая ам.долларт хүрсэн байна. Үүнээс 42 хувийг БНХАУ-д, 55 хувийг ОХУ-д, 3 хувийг бусад улсад экспортлосон байна. биет хэмжээгээр тооцвол 78.3 мянган тонн жоншны хүдэр болон баяжмал экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеэс 47.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Үнийн хувьд 97 хувийн агуулгатай жоншны баяжмал нэг тонн тутамдаа 308 ам.доллар, 85 хувийн агууламжтай бүхэллэг жоншны баяжмал 1 тонн тутамдаа 278 ам.доллар байна.
Уулзалтын төгсгөлд УУХҮЯ-аас "Монголын жонш олборлогч, үйлдвэрлэгч, экспортлогчдын холбоо"-той харилцан ойлголцож, хамтран ажиллах санамж бичгийг үзэглэлээ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам.