О.Батнайрамдал: Уул уурхайн компаниудын хэвийн үйл ажиллагааг хангахын тулд онцгой анхаарч байна
УОК-ийн даргын 11 дүгээр сарын 21-ний өдрийн 30 дугаар тушаалын дагуу Өмнөговь аймгийн Оюу толгой, Тавантолгой, Нарийнсухайтын ордод үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд болон Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомт, хилийн хяналтын бүсэд ажиллаж буй иргэдийг цар тахлаас урьдчилан сэргийлэх, компаниудын хэвийн үйл ажиллагааг хангах, шаардлагатай арга хэжмээг тодорхойлж нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг Гашуунсухайт боомтод ажиллаж байна.
БНХАУ-ын тал нүүрс тээврийн жолоочдыг хил нэвтрэх үед ковид-19-ийн шинжилгээнд хамрагдсан байхыг шаардсан. Энэ хүрээнд шуурхай ажлын хэсэг болон эмч, эмнэлгийн ажилчид хилийн бүсэд ажиллаж эхний ээлжинд 854 жолоочийг шинжилгээнд хамруулж хилээр нэвтрэх боломжийг бүрдүүллээ. 11 дүгээр сарын 23-ны байдлаар Гашуунсухайт боомтоор 211 нүүрс тээврийн, 95 зэсийн баяжмалын тээвэр, Шивээхүрэн боомтоор 216 нүүрсний тээврийн хэрэгсэл хилээр нэвтэрчээ. Цаашид 5000 орчим жолоочийг шинжилгээнд бүрэн хамруулахаар ажиллаж байна.
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ