БЯХАРЫН ТОВУУСҮРЭНГ ТӨРИЙН ДЭЭД ОДОНГООР ШАГНАЛАА
Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулгын 2020 оны 10 сарын 1-ний өдрийн 123 дугаар зарлигаар Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын харьяат Бяхар овогтой Товуусүрэнг Төрийн дээд “Алтангадас” одонгоор шагналаа.
Б.Товуусүрэн нь 1957 оноос хойш уул уурхайн салбарт тэр дундаа баяжуулах үйлдвэрийн авто баазад олон жил хүнд даацын авто машины жолоочоор үр бүтээлтэй ажиллаж ирсэн ба энэ хугацаандаа төр засгаас өгсөн төлөвлөгөөг цаг хугацаанд нь биелүүлж, техникийн бүрэн бүтэн байдал, засвар үйлчилгээг чанартай хийж байсан нь үйлдвэрийн машин механизмийг хэвийн явуулах болон төлөвлөгөөт нормыг тогтмол давуулан биелүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэжээ.
Тэрээр 1981 онд Хэнтий аймгийн Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэр ашиглалтанд ороход тухайн үеийн ГУУЯ-ны томилолтоор ажилласан анхны монгол жолооч нарын нэг бөгөөд түүний хөдөлмөр бүтээл нь нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан тул Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлөөс энэхүү хүндтэй шагналд тодорхойлсон байна.
Шагналыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал болон Соёлын дэд сайд, Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүн М.Батбаяр нар гардуулж баяр хүргэсэн юм.