“ИННОПРОМ” ОЛОН УЛСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ҮЗЭСГЭЛЭН 2021 ОНЫ 7 САРЫН 6-9-НИЙ ӨДРҮҮДЭД БОЛНО
Аж ахуйн нэгжүүдийн анхааралд
ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны яамнаас 2010 онд “Иннопром” үзэсгэлэнг Екатеринбург хотноо анх удаа зохион байгуулсан бөгөөд энэ мөчөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулжиржээ. 2012 оноос үзэсгэлэн болгон өөрийн гэсэн уриа, сэдэвтэй зохион байгуулагддаг болж тухайн ондоо ОХУ-ын Засгийн газрын шийдвэрээр Холбооны статустай, 2013 онд олон улсын статустай болсон байдаг.
“Иннопром” үзэсгэлэнгийн хүрээнд зохион байгуулагддаг чуулганы нэгдсэн хуралдаан, дугуй ширээний уулзалт, бизнес уулзалт ба хэлэлцээр, мастер-анги зэрэг арга хэмжээнд дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн бизнес эрхлэгчид, шинжээчид, эрдэмтэд, улс төрчид өргөнөөр оролцдог уламжлалтай. Тус үзэсгэлэн нь гадаад болон дотоодын компани, бизнес эрхлэгчдэд өөрсдийн шинэ технологи, бараа бүтээгдэхүүн, хөрөнгө оруулалтын төслүүдийг танилцуулах, аж үйлдвэрлэлийн салбар дахь ололт, амжилтыг дэлгэн үзүүлэх, улмаар экспорт, импортын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ОХУ дахь томоохон талбар болж хөгжсөн юм.
“Иннопром” үзэсгэлэн жил бүрийн 6-7 дугаар сард тогтмол болдог ба цар тахлын нөхцөл байдлаас үл хамаарч 11 дэх удаагийн ээлжит үзэсгэлэнгийн арга хэмжээг Екатеринбург хотноо 2021 оны 7 дугаар сарын 6-9-нд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг эхлүүлжээ.
Иймд 11 дэх удаагийн ИННОПРОМ үзэсгэлэн, арга хэмжээнд оролцох хүсэлтэй Аж ахуйн нэгжүүд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд бичгээр эсвэл anun@mmhi.gov.mnцахим шуудангаар дараах мэдээллүүдийг 2021 оны 4 дүгээр сарын 13-ны дотор ирүүлнэ үү.
- Үзэсгэлэнд танилцуулахаар төлөвлөж буй бүтээгдэхүүний жагсаалт, тэдгээр бүтээгдэхүүний барааны ангиллын код
- Үзэсгэлэнд борлуулахаар төлөвлөж буй бүтээгдэхүүний жагсаалт, тэдгээр бүтгээгдэхүүний барааны ангиллын код.
Дэлгэрэнгүй мэдээллийг https://expo.innoprom.com/цахим хуудсаар болон 95955097 утасны дугаараар холбогдон авна уу.