БЕЛЬГИЙН ХААНТ УЛСААС МОНГОЛ УЛСЫГ ХАВСРАН СУУГАА ЭЛЧИН САЙД БРУНО АНЖЕЛЕТЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Бельгийн Хаант Улсаас Монгол Улсыг хавсран суугаа Элчин сайд Бруно Анжелетыг хүлээн авч уулзав.
Уулзалтаар хоёр орны аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, ялангуяа төр ба хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд хооронд холбоо тогтоох, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов. Уулзалтад Бельгийн Сенкско компанийн төлөөлөгчид оролцож, Монгол Улсад хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар танилцуулаад хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байгааг илэрхийлэв.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Монгол Улс Европын Холбооны гишүүн орнуудтай аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт харилцаа, хамтын ажиллагааг тууштай хөгжүүлж байгааг тэмдэглээд, цаашид хөрөнгө оруулагчдыг нэмэгдүүлэх, харилцан үр ашигтай, эдийн засгийн өгөөжтэй бодит төслүүдийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын Засгийн газраас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлснийг онцлов. Тэрээр 2026 оны 9 дүгээр сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулагдах Монгол Улсын эрдэс баялаг, аж үйлдвэр, уул уурхайн салбарыг хөрөнгө оруулагчдад сурталчлан таниулах “Уул уурхайн долоо хоног -2026 (Mining week)” чуулга уулзалт, үзэсгэлэнд Бельгийн төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн төлөөлөгчдийг урьж оролцуулахад хамтран ажиллахыг хүслээ.
