БНЭУ-ЫН ЭКСИМ БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНЭУ-ын ЭКСИМ банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд БНЭУ-ын ЭКСИМ банкны Ерөнхий менежерийн орлогч Хариш Кумар Монгол Улсын Засгийн газраас Ашигт малтмалын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсанд баяр хүргээд Монгол Улсын Ерөнхийлөгч болон Засгийн газрын зүгээс газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөлд онцгой анхаарал хандуулж ирсэнд талархал илэрхийлэв.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2025 оны 10 дугаар сард БНЭУ-д хийсэн айлчлалын үеэр БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди газрын тос боловсруулах үйлдвэрийн цаашдын тогтвортой үйл ажиллагаанд түүхий тосны нөөц, ханган нийлүүлэлт чухал ач холбогдолтойг тэмдэглэснийг дурдаад Монгол Улсын Засгийн газар энэ чиглэлд тодорхой шийдлүүд гарган ажиллаж байгаад баяртай байгааг илэрхийлэв.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Ашигт малтмалын тухай хуульд 2014 оноос хойш дорвитой, томоохон өөрчлөлт хийгдээгүй өнөөг хүрснийг дурдаад Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар уул уурхайн салбарын эрх зүйн орчин тодорхой, ойлгомжтой болох, хөрөнгө оруулалтыг татах хууль эрх зүйн таатай орчин нөхцөл бүрдэх боломжтойг тэмдэглэв.
Мөн Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний хувьд хойд хөршөөс 100 хувь хамааралтай байдлыг багасгах, газрын тосны үйлдвэрийн түүхий эдийг дотоодын нөөц бүрэн хангах хүртэл хугацаанд гуравдагч эх үүсвэрээс бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байгааг дурдаад EPC багцын үндсэн гүйцэтгэгч компани хариуцлагатай, үр дүнтэй ажиллана гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.