ХАЙГУУЛЫН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ, НҮҮРСНИЙ САЛБАРЫГ ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ШИНЭ ҮЕ ШАТАНД ГАРГАНА

“Уул уурхайн 7 хоног” олон улсын арга хэмжээ хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэ жилийн арга хэмжээ “Тогтвортой хөгжлийн төлөө: Ногоон ирээдүй ба олон улсын түншлэл” уриан дор болж байна.
Энэ хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв “Монгол Улсын нүүрсний салбарт баримтлах төрийн бодлого” сэдвээр илтгэл тавьж, салбарын бодлогын шинэчлэл, цаашдын хөгжлийн боломжийг танилцууллаа.
Дэлхийд баталгаажсан нүүрсний нөөц 861 тэрбум тонн байгаа бол Монгол Улс 39.8 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Өнөөдрийн байдлаар Монгол Улс 90 сая тонн нүүрс экспортлоод байгаа бөгөөд жилийн эцэст 115 сая тоннд хүрэх хүлээлттэй байна.
Б.Дашпүрэв Төрийн нарийн бичгийн дарга Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар хайгуулын үйл ажиллагаа эрчимжиж, хувийн хөрөнгө оруулалтаар шинэ нөөц тогтоох боломж нэмэгдэнэ гэдгийг онцоллоо.
Ингэснээр өнөөдрийн баталгаажсан нөөцийг нэмэгдүүлж, шинэ уурхай бий болох, боловсруулах үйлдвэрлэл хөгжих, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж өргөжинө.
Монгол Улс одоогоор жилд 90–100 сая тонн нүүрс экспортлох хүчин чадалтай бөгөөд цаашид төмөр зам, боомт, дэд бүтцийн хүчин чадлыг нэмэгдүүлж, нүүрсний салбарын эдийн засгийн үр өгөөжийг өсгөх зорилт тавьж байна.
Мөн нүүрсний уурхайд түшиглэсэн дата төвүүд байгуулахыг бодлогоор дэмжиж, эрчим хүч, дэд бүтэц, уул уурхай, технологийг уялдуулан хөгжүүлэх боломжийг судалж байна.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбар өнөөдөр Монгол Улсын ДНБ-ий 34 хувь, экспортын орлогын 96 хувь-ийг бүрдүүлж байгаа бөгөөд уул уурхайн салбараас 32.6 их наяд төгрөг, улсын төсөвт 8.8 их наяд төгрөг, үүнээс нүүрсний салбараас 3.8 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлж байна.
“MiningWeek & MinePro-2026” үзэсгэлэнгээр олборлолт, боловсруулалт, техник технологи, дижитал шийдэл, автоматжуулалт, байгаль орчны шийдэл зэрэг салбарын шинэ технологийг танилцуулж байна.
Энэ нь төрийн бодлого, эрх зүйн шинэчлэлийг аж ахуйн нэгжүүдийн бодит үйлдвэрлэл, шинэ технологи, хөрөнгө оруулалттай уялдуулах чухал талбар болж байна.
Зорилго нь тодорхой: хайгуулыг эрчимжүүлж, нөөцийг нэмэгдүүлж, олборлолтоос боловсруулалт, үйлдвэрлэл, технологи руу шилжсэн уул уурхайн шинэ үеийг бий болгох.





