ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ, ХАРИЛЦАГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

“Уул уурхайн 7 хоног” арга хэмжээний хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв хөрөнгө оруулагч, харилцагч байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Тэрбээр “Смарт ойл Монголиа” ХХК-ийн Ерөнхий захирал Жоу ЖинМин тэргүүтэй төлөөлөгчид болон БНХАУ-ын Sichuan Natural Resources Investment Group Co., Ltd компанийн төлөөллүүдийг өчигдөр хүлээн авч уулзсан бол өнөөдөр Бүгд Найрамдах Казахстан Улсын “Казатомпром” компани болон Бүгд Найрамдах Узбекистан Улсын төлөөлөгчидтэй уулзаж, цаашдын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн боломжийн талаар санал солилцов.
Уулзалтаар Монгол Улсын уул уурхай, эрдэс баялгийн салбарт хэрэгжүүлж буй хууль эрх зүйн шинэчлэл, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах бодлого, геологи, хайгуулын салбарын үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлийн талаар танилцууллаа.
Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл УИХ-аар батлуулах шатанд хүрсэн талаар онцолж, уг шинэчлэлээр Монгол Улс анх удаа чухал ашигт малтмалын жагсаалтаа баталж, зэсийн АМНАТ-ийг бууруулах зэрэг хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг дэмжих зохицуулалтуудыг тусгаж байгааг мэдээлэв.
Мөн байгалийн баялгийн өгөөжийг орон нутагт нэмэгдүүлэх, геологи, хайгуулын судалгаа, үйл ажиллагааг эрчимжүүлэх замаар шинэ хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны боломжийг нэмэгдүүлэх зорилтыг танилцууллаа.
Талууд цаашид хамтын ажиллагааг өргөжүүлж, бодит төсөл, хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр санал солилцож, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхлоо илэрхийллээ.


