МОНГОЛ УЛСАД ХҮНД АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ ХҮРЭЭНД АНХДАГЧ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам Монгол улсад хүнд аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх хүрээнд холбогдох эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд “Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээ”-ний дагуу өмгөөллийн “Легал Полиси” ХХК-иас Хүнд үйлдвэрийг дэмжих тухай хуулийн хэрэгцээ, шаардлага, хуулийн төслийн үзэл баримтлалыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямд танилцуулж, санал солилцлоо.
Уулзалтад “Легал Полиси” ХХК-ийг төлөөлж Уул уурхайн Зөвлөх инженер, Техникийн ухааны доктор (Ph.D), Академич, Монгол улсын худалдааны гавьяат ажилтан Д.Галсандорж, Уул уурхайн эдийн засагч, Монгол Улсын гавьяат эдийн засагч Т.Ишдорж, Хуульч Г.Бүжин, Хуульч Х.Энхтайван нар оролцлоо.
Уул уурхай, ашигт малтмалын салбар Монгол улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч нь болж байна. Гэвч олборлож буй ашигт малтмалын 90 -ээс дээш хувийг нэмүү өртөг шингээлгүй, түүхийгээр нь экспортолсоор байна. Иймээс ч баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдийг хөгжүүлэх цаашлаад эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тэр дундаа хүнд аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх үндэс суурийг тавихад энэхүү анхдагч хуулийн төсөл нь чухал ач холбогдолтой юм. Зөвхөн өнгөт болон хар төмөрлөгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд Монгол улсын зэсийн экспортоос олох орлого 5 дахин, төмрийн экспортын орлого 2 дахин нэмэгдэх боломжтой юм. Тэгвэл хүнд аж үйлдвэрлэлийн салбарт:
- Үнэт метал, өнгөт төмөрлөгийн үйлдвэрлэл;
- Хар төмөрлөгийн үйлдвэрлэл;
- Машины эд анги,сэлбэг үйлдвэрлэл;
- Металл боловсруулах үйлдвэрлэл;
- Жоншны баяжмалыг боловсруулах үйлдвэрлэл;
- Нүүрсийг гүн боловсруулах үйлдвэрлэл;
- Газрын тосыг боловсруулах үйлдвэрлэл;
- Хими, химийн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл гэх мэт олон салбарууд хамаарч байна.
Шинээр боловсруулж буй хуулийн төсөлд хүнд аж үйлдвэрийн төслүүдийг дэмжих хүрээнд:
- Үйлдвэр байгуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийн гаалийн болон НӨАТ-ыг дөрвөн жил хүртэлх хугацаагаар сунгах, хэсэгчлэн төлүүлэх
- Богино, дунд хугацаанд ААНОАТ-аас чөлөөлөх, хөнгөлөх
- Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг төрийн худалдан авалтаар дэмжих
- Монгол улсад үйлдвэрлэсэн хүнд үйлдвэрийн бүтээгдэхүүнийг экспортлоход гаалийн татварын хөнгөлөлт эдлэх, зах зээлд нэвтрэх хориг саадыг багасгахад дэмжлэг үзүүлэх саналуудыг дэвшүүлсэн байна.
Уулзалтын явцад хуулийн нэр томьёо болоод үзэл баримтлалаар АҮЭБ-ын сайд Г.Дамдинням өөрийн байр суурийг илэрхийлж, Монгол улсад хүнд аж үйлдвэрлэлийн салбар хөгжих шилжилтийн үеийн суурь хууль болох учиртайг онцоллоо. Хүнд үйлдвэрлэлийн салбар нь их хэмжээний хөрөнгө оруулалт, технологийн шийдэл, цаг хугацаа шаарддаг салбар. Иймээс ч уг анхдагч хууль нь бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдыг хүнд аж үйлдвэрлэлийн салбарт хөтлөх эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх ёстойг тодотгож, саналуудаа нэгтгэн 08-р сарын 25-нд дахин хэлэлцэхээр боллоо.



