ЕСДҮГЭЭР САРЫН 28-30 ХООРОНД ГАЗРЫН ТОСНЫ САЛБАРЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН БОЛНО

Есдүгээр сарын 28-30 хооронд БНХАУ-ын Шаньдун мужын Дунин хотод 19 дэх удаагийн Олон улсын газрын тосны болон нефть химийн үйлдвэрлэл, тоног төхөөрөмж, технологийн үзэсгэлэн зохиогдохоор боллоо.
Шаньдун муж нь Хятадын нефтийн олборлолт, боловсруулалтаараа тэргүүлэгч муж бөгөөд зөвхөн Дунин хотод нефть боловсруулах 20 үйлдвэр ажиллаж, Хятад улсын нийт боловсруулалтын 7,6%, дизель болон авто бензин үйлдвэрлэлийн 10%-ыг хангаж байна. 1961 оноос эхэлсэн үйлдвэрлэлийн бааз сууриа дагаж нефтийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, боловсон хүчин, сургалтын бааз, дагавар бүтээгдэхүүн боловсруулалт зэргээрээ улсдаа тэргүүлэх байр суурийг эзэлж байна.
Уламжлал болон зохиогддог энэхүү үзэсгэлэнд оролцсоноор үйлдвэрлэгч, нийлүүлэгч эх үүсвэрүүдтэй илүү ойртож бодит байдалтай танилцах, холбоо тогтоох, цаашид зах зээлийн зарчимд тулгуурласан хангамжийн олон эх үүсвэр, нийлүүлэгчтэй болох, тээвэр, хадгалалтын дэвшилтэт технологиуд, бусад улс орны ижил төрлийн компаниудтай харилцах боломжтойг Бээжин дахь ЭСЯ-аас уламжиллаа.

