АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙД Г.ДАМДИННЯМ ИХ БРИТАНИ УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ХААНТ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН ХАРИУЦСАН ТУСГАЙ ЭЛЧ РҮТ ДЭВИСИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд хүрэлцэн ирсэн Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Байгаль орчин хариуцсан тусгай элч Элч Рүт Дэвисийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням хүлээн авч уулзав.
Уулзалтаар “Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэхтэй холбогдуулан чухал ашигт малтмалын эрэлт, нийлүүлэлтийг идэвхтэй ярьж байгаа энэ цаг үед Монгол Улс чухал ашигт малтмалын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, жагсаалтаа батлахын тулд Ашигт малтмалын тухай хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулж Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн, батлуулах шатандаа хүрээд байгааг” Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцуулав.
Байгаль орчин хариуцсан Элч Рүт Дэвис хэлэхдээ “Их Британи улсын зүгээс уул уурхайн үйл ажиллагааг байгаль орчин, нийгэм эдийн засагт ээлтэй, тогтвортойгоор ашиглах, эдийн засгийг хөгжүүлэх чиглэлд бүх талаар хамтран ажиллахад нээлттэй” гэдгийг онцлон тэмдэглэв. Мөн ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яам Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам хооронд байгуулсан “Монгол Улсад ховор металлын чиглэлээр хамтран ажиллах” тухай харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд хийгдэж байгаа ажлуудын тухай АҮЭБ-ын сайд Г.Дамдинням мэдээлэл өглөө.
