БНХАУ-ЫН “NORINCO GROUP” -ТЭЙ ШАТАХУУНЫ ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ, НҮҮРС ХИМИЙН ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ, НОГООН ШИЛЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛҮҮДЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажиллах үеэрээ NORINCO Group-ийн удирдлагатай уулзаж, газрын тосны бүтээгдэхүүний тогтвортой нийлүүлэлт, нүүрсийг гүн боловсруулах, геологи хайгуулын салбарт хамтран ажиллах асуудлаар хамтын ажиллагааны санал тавьлаа.
Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хэмжээг тодорхой болгох, үнийн томьёоллыг урьдчилан тохирсон урт хугацааны гэрээний нөхцөл бүрдүүлэх талаар ярилцаж тохиролцлоо.

NORINCO Group-ийн зүгээс харъяа нефт боловсруулах үйлдвэрээс нийлүүлэлт хийх бэлтгэл хангах талаар ажиллаж, эхний ээлжид БНХАУ-ын Хөгжил, шинэчлэлийн хорооноос экспортын квотыг тодорхой болгох, үүний дараа тээвэр, ложистик, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх талаар ажиллахаа илэрхийлэв. Мөн Монголын Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан нүүрс-химийн цогцолбор байгуулах төслийн хүрээнд технологийн болон хөрөнгө оруулалтын түншлэл бий болгох боломжийг судлахаар ярилцлаа.

NORINCO Group нь Монгол Улсад геологи, хайгуулын чиглэлээр хамтран ажиллах, хөрөнгө оруулах сонирхлоо мөн илэрхийлэв. Уулзалтын төгсгөлд газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт болон нүүрсийг гүн боловсруулах хоёр үндсэн чиглэлээр хамтарсан ажлын хэсэг байгуулж, тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлэх асуудлаар талууд санал нэгдэв.
