Ч.Отгончулуу: Газрын тосны хайгуулыг эрчимжүүлж, нөөцөө нэмэгдүүлэх шаардлагатай байна
ИХ-ын хаврын чуулганаар Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталсан. Энэ талаар Уул уурхайн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуутай ярилцлаа.
-1991 онд анх баталсан уг хуулийг УИХ шинэчлэн найруулж баталлаа. Онцлох ямар өөрчлөлт оруулсан бэ, хөрөнгө оруулагчдыг татах боломжийг хэр бүрдүүлэв?
-Хуулийг 1991 онд анх баталснаас хойш манай эдийн засаг тэлж өссөн, газрын тосны салбар ч эрчимтэй хөгжсөн, мөн татварын хуулиудыг хэд хэдэн удаа шинэчилсэн байдаг. Тиймээс хуучин хуульд цаг үетэйгээ нийцэхгүй зүйл олон байлаа. Иймд УИХ эрдэмтэн судлаачид, хөрөнгө оруулагчдын оролцоог хангах замаар “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-д нийцүүлэн Газрын тосны хуулийг бүхэлд нь шинэчлэн баталсан. Өмнө нь энэ салбарт төрийн байгууллагуудын чиг үүрэг, уялдаа тодорхойгүй байсныг цэгцэлсэн. Хөрөнгө оруулагчид бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулахын тулд олон шат дамжиж, цаг их алддаг байсан. Энэ хүнд суртлыг багасгасан, гэрээлэгчдийн аливаа өргөдөл хүсэлтэд хариу өгөх хугацааг хуульчиллаа. Эрх зүйн орчин тодорхой, тогтвортой болсон. Мөн Монголын аж ахуй нэгжүүдээс орлогын албан татвар авдаг байсан бол одоо тэднийг энэ татвараас чөлөөлж байгаа.
Хайгуулын эхний таван жилд хөрөнгө оруулагчдыг НӨАТ болон гаалийн татвараас чөлөөлсөн. Үүнээс гадна өртөг нөхөгдөх зардлыг хянаж, баталгаажуулах чиг үүргийг төрийн аудитын байгууллагад шилжүүллээ. Уламжлалт бус газрын тос гэж ярьдаг нүүрсний давхаргын метан хий, шатдаг занар зэргийг эдийн засгийн эргэлтэд оруулж, хайгуул хийлгэн нөөцийг тогтоох эрх зүйн орчин бүрдүүлж өгсөн. Өмнө нь энэ төрлийн бүтээгдэхүүнийг ашиглах тодорхой зохицуулалт байгаагүй, хатуу ашигт малтмал ч юм шиг, газрын тос ч юм шиг, аль агентлагаас зөвшөөрөл авах, ямар хуулиар явах нь тодорхойгүй байсан. Энэ бүгд нөлөөлсөн үү, шинэ хуульд хөрөнгө оруулагчид ам сайтай байна. Ер нь олон улсад өрсөлдөх чадвартай, харьцангуй уян хатан хууль болсон гэж үзэж байгаа. Удахгүй бид хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтраад хууль сурталчлах зорилготой томоохон хэмжээний хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт зохион байгуулна.
-Хэдий хэмжээнээс дээш хөрөнгө оруулсан тохиолдолд татвараас чөлөөлөх тухай босго бий юү?
-Байхгүй. Татварын бодлогын гол зорилго нь гэрээлэгчид маань хайгуулын ажлаа далайцтай хийж, нөөц тогтоох нь чухал. Манайд таамаг нөөц байгаа ч хайгуул тийм сайн хийгээгүй. Яваандаа дотоодын тосонд тулгуурласан газрын тос боловсруулах үйлдвэр байгуулна. Их хэмжээний тос боловсруулж байж үйлдвэр зардлаа нөхнө. Тиймээс бид хайгуул сайн хийж, нөөцөө байнга нэмэгдүүлэх шаардлагатай.
-Одоогоор газрын тосны салбарт хэдэн компани бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж, үйл ажиллагаа эрхэлж байна вэ? Төрийн компани бий юү?
-Улсын хэмжээнд газрын тосны хэтийн төлөв бүхий хайгуулын 31 талбай ялгасан. Одоогоор Засгийн газраас баталсан бүтээгдэх үүн хуваах гэрээний дагуу 16 компани 18 талбайд газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулж байна. Эрсдэл өндөртэй бизнес учраас төр өөрөө байнга хөрөнгө оруулах хэцүү. Иймд эхний ээлжинд үндэсний болон гадаадын хөрөнгө оруулагчдыг татах шаардлагатай. Үнэхээр газрын тос байгаа эсэхийг өрөмдөж байж л мэднэ. Гэтэл нэг өрөм тавихад сая гаруй доллар болно. 10, заримдаа 100 өрөм тавьж байж ганц хоёр цооногоос нь тос гардаг. Гарахгүй ч байж болно. Иймд одоогоор төрийн компани байхгүй. Гэхдээ энэ салбарт төрийн, хувийн гэлтгүй аж ахуйн нэгж, байгууллагын судалгаа шинжилгээ хийх чадварыг эрс сайжруулах шаардлагатай нь анзаарагддаг.
-Ашигт тосны Засгийн газарт ногдох хувь хэмжээг тодорхой хувиас бууруулахгүй байх тухай хэлэлцүүлгийн үед ярьж байсан…
-Өртөг нөхөх тосны 40 хүртэлх хувь, ашигт тосны 40 хувийг төр авах зохицуулалт хэвээр байгаа. Гэхдээ тодорхой хувийг гэрээгээр тохирдог. Зарим оронд өртөг нөхөлт 90 хувьтай байдаг бол манай улсад Засгийн газар боломжийн бага хувь тогтоож байгаа. Өөрөөр хэлбэл, Засгийн газарт илүү ашигтай гэсэн үг. Гэхдээ манай геологийн нөхцөл хүнд. Арабын орнууд шиг гүехэн өрөмдөөд л тос гарахгүй. Хөрсний эвдрэл, хатуулаг, хураагуурын байршил тархалт ихтэй гэх зэрэг сул тал бий гэж мэргэжлийнхэн үздэг. Бусад оронд газрын тосоо хоолойгоор тээвэрлэдэг, дэд бүтэц нь сайн хөгжсөн байдаг. Харин манайд авто машинаар тээвэрлэдэг учраас зардал өндөр, тэр хэрээр өрсөлдөх чадвар буурдаг. Шинэ хуульд хоолой болон хямд өртөгтэй тээвэрлэлтийн бусад дэд бүтцийг бий болгох боломжийг бүрдүүлсэн эрх зүйн зохицуулалтыг тусгасан.
-Газрын тос олборлох үйл ажиллагаа байгаль орчинд сөрөг нөлөөтэй байна гэсэн хэл ам их гардаг. Нөхөн сэргээхтэй холбоотой ямар шинэ зохицуулалт хуульд тусгасан бол?
-Ер нь орчин үеийн жишгээр бол нөхөн сэргээлт, хайгуулын ажлыг хамгийн түрүүнд тухайн компани өөрөө хариуцдаг. Үүний дагуу хуульд өөрчлөлт оруулсан. Компани анхнаасаа гэрээ хийхдээ байгаль орчинд үзүүлэх нөлөөний талаар хариуцлага, үүрэг хүлээнэ. Мөн байгаль орчны асуудал хариуцсан ажилтантай болно. Гэрээлэгчид хайгуулын үедээ нийт хөрөнгө оруулалтынхаа гурав, ашиглалтын үед бол нэг хувьтай тэнцэх мөнгийг нөхөн сэргээлт, ордыг татан буулгахад зориулж байршуулахаар хуульчилсан. Нөхөн сэргээх ажлаа сайн хийсэн нөхцөлд тэр мөнгийг буцааж авна. Зарим тохиолдолд өөр мэргэжлийн байгууллагаар нөхөн сэргээх ажлыг гүйцэтгүүлэх санхүүгийн баталгаа болох юм.
-Тухайн орон нутагт ямар давуу тал олгосон бэ. Шинэчилсэн хууль нутгийн иргэдэд ямар өгөөж өгөх вэ?
-Гэрээлэгч компани орон нутагтай гэрээ байгуулна. Мөн хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр гэж бий. Үүний 20 хувийг аймагт, 10 хувийг суманд өгөхөөр хуульчилсан. Энэ бол орон нутагт багагүй мөнгө очно гэсэн үг. Манай улсын төсвийн 30-40 хувийг уул уурхай, газрын тосны салбараас бүрдүүлдэг. Сумын төвийн эмнэлэг, цагдаа, эмч, авто замын 30-40 хувийг энэ салбарын хөрөнгөөс цалинжуулж, санхүүжүүлж байна гэсэн үг. Улсын төсвөөр дамжуулан орон нутагт ийм шууд бус дэмжлэг очдог. Үүнээс гадна орон нутгийн иргэд, ААН-үүд ханган нийлүүлэлтэд оролцох замаар ажлын байр бий болж, орлогын эх үүсвэр нэмэгдэнэ.
-Газрын тосны салбарыг эдийн засгийг тэжээх хоёр дахь саалийн үнээ гэж тодорхойлж байгаа. Одоо хууль эрх зүйн орчноо шинэчиллээ, дээрх хэмжээнд хүрэхийн тулд салбарын яам ямар ажил хийж байна вэ?
-Манай эдийн засгийн өрсөлдөх чадварыг бууруулж буй хоёрхон хүчин зүйл бий. Эхнийх нь түлш шатахууны өндөр өртөг, хараат байдал. Хоёр дахь нь цахилгаан эрчим хүчний өндөр үнэ, олдоц хүртээмж туйлын муу байдал. Өнөөдөр манай бизнес эрхлэгчид санхүүгийн чадамжтай нь харьцуулахад харьцангуй үнэтэйд тооцогдох түлш, шатахуун хэрэглэж байгаа нь нууц биш. Шатахуунаа 100 хувь гаднаас авч байна. Энэ нь эдийн засгийн өсөлтийг тогтвортой хангахад сөргөөр нөлөөлж байна л даа. Эдийн засгийн гол үзүүлэлт бол ажлын байр, иргэдийн орлого байдаг. Монголчуудын 30 орчим хувь нь ядуу байна. Гэхдээ бидний өмнө асар их боломж бий. Жишээ нь сүүлийн ганц хоёр жилд л гэхэд хүний хөгжлийн индексээрээ бол бид алгуур ч гэсэн урагшилж байна л даа. НҮБ-аас гаргасан судалгаагаар манай улс дунд хөгжилтэй гэгдэх орнууд дотроо тэргүүлсэн байна лээ. Цөөн оноо нэмж дээшлүүлэхэд л бид хүний хөгжлийн индексээрээ өндөр хөгжилтэй орнуудын эгнээнд дэвшин орох боломжтой. Тэгэхийн тулд ядуурлаа бууруулж, иргэдээ ажлын байраар хангаж, эдийн засгаа өсгөх нь чухал. Үүний үндсийн үндэс нь түлш шатахуун болон эрчим хүчний салбарт бие даах юм. Ингэх боломжийг Газрын тосны тухай шинэ хууль бүрдүүлж байгаа юм. Хайгуулаа эрчимжүүлж, нөөцөө нэмэх, боловсруулах үйлдвэрээ барих нь чухал байна. Бас занар, нүүрсний давхаргын метан хий ашиглаад эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох ёстой. Хуулийн хүрээнд манай яам холбогдох журам, дүрмийг боловсруулж байгаа. Хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтарч ажиллана, зөвхөн татвараар урамшуулах биш, харин бодлого болон бодит үйл ажиллагаагаар дэмжинэ.